Хүүхдүүдийг дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх аян өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “Эерэг
өөрчлөлтийн түүчээ” төрийн бус байгууллагын тэргүүн, “Дэлгэцээс холдуулах
дадлууд” номын зохиогч Н.Дуламсүрэнг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Тус аймгийн Цагдаагийн газраас хүүхдүүдэд дэлгэцийн донтолтын хор хөнөөлийг
ойлгуулах, бага наснаас нь эрүүл дадалд сургах зорилготой аяныг санаачлан өрнүүлж байгаа.
Аяны хүрээнд “Дэлгэцээс холдуулах дадлууд” номыг казах хэлэнд орчуулж, цэцэрлэгийн
насны 2200 хүүхдэд хүргэхэд бэлэн болгожээ. Холбогдох санхүүжилтийг “Дэлхийн
зөн” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс шийдвэрлэж өгсөн
байна.
Түүнчлэн “Эерэг өөрчлөлтийн түүчээ” төрийн бус байгууллагаас аймгийн
цэцэрлэгийн багш, арга зүйч нарт “Хүүхдийн сэтгэл зүй ба дэлгэцийн донтолт”
сэдэвт сургалтыг аймгийн Боловсролын газартай хамтран зохион байгуулах, Гэр бүл,
хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран эцэг эхчүүдэд чиглэсэн нөлөөллийн ажил хийхээр төлөвлөж байгааг аймгийн Засаг
даргад танилцууллаа.