Жон Ф.Кеннедийн хэрэгтэй холбоотой шинэ баримтуудыг дэлгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-12-16 12:19:53

ВАШИНГТОН. /TASS/. 1963 онд АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн амийг хөнөөсөн хэргийн талаарх шинэ баримтуудыг тус улсын засаг захиргаа лхагва гарагт олон нийтэд дэлгэлээ. 


Өмнө нь нууцалж байсан эдгээр 1500 орчим баримтыг АНУ-ын Үндэсний архив, баримт бичгийн газрын цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд бүгдийг нь үзэх, татаж авах боломжтой.


Нийтлэгдсэн материалуудын дунд АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо, Төрийн департамент, Пентагоны бэлтгэсэн олон мянган хуудас янз бүрийн бичиг, мөрдөн байцаалтын тайлан болон бусад баримт бичиг багтсан байна. Эдгээр баримт бичгийн ихэнх нь, ялангуяа ЗХУ-тай холбоотой бөгөөд Америкийн тагнуулын байгууллагууд Москваг энэ аллагатай холбоотой талаар янз бүрийн таамаглалыг шалгаж байсныг гэрчилж байгаа юм.


"Үндэсний архиваас 1992 оны 11 дүгээр сард бий болгосон Жон Кеннедийн амь насыг хөнөөсөн хэргийн талаарх баримтуудын цуглуулга 5 сая орчим хуудастай. Энэ цуглуулгын ихэнхийг 1990-ээд оны сүүлчээс хойш олон нийтэд ил болгосон" гэж Үндэсний архив онцолжээ.


Түүнчлэн 1992 онд баталсан Ерөнхийлөгч Жон Кеннедийн амийг хөнөөсөн хэргийн бүртгэлийг цуглуулах тухай хуулийн дагуу өнөөдрийг хүртэл задруулах ёстой бүх баримт бичгийг "бүтэн буюу хэсэгчлэн нийтэлсэн" гэдгийг тодруулсан байна. Үүний зэрэгцээ үндэсний аюулгүй байдлын үүднээс АНУ-ын төрийн байгууллагуудаас нууцлах хүсэлт гаргасны дагуу хэд хэдэн баримт бичгийн зарим хэсгийг нийтлээгүй байна. Ирэх онд Үндэсний архив болон холбогдох төрийн байгууллагууд энэ мэдээллийг үргэлжлүүлэн судалж, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийтэлнэ. Үүний зэрэгцээ тэд зарим мэдээллийг энэ өдрөөс хойш нийтлэхгүй байх эрхтэй байна.


Кеннедийн аллага

Жон Фицжеральд Кеннеди 1917 оны тавдугаар сарын 29-нд Массачусетс муж улсын Бруклин хотод төржээ. 1960 онд 43 настайдаа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож, тус орны түүхэн дэх хамгийн залуу ерөнхийлөгч болсон байна. Кеннедийг Цагаан ордонд байх хугацаанд дэлхий дахинд Берлиний хямрал, Карибын тэнгисийн орнуудын хямрал болж, АНУ Фидель Кастрогийн Засгийн газрыг түлхэн унагахыг оролдсоны зэрэгцээ Өмнөд Вьетнам руу цэрэг илгээж эхэлсэн юм.


Жон Кеннеди 1963 оны 11 дүгээр сарын 22-нд Техас муж улсын Даллас хотод айлчлах үеэрээ буудуулж амиа алдсан. Түүнийг хөнөөх үед тэрбээр задгай дээвэртэй лимузин машинтай ерөнхийлөгчийн цуваанд явж байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч агсны толгойд нь нэг, нуруунд нь нэг буудсан байв. Лимузин машинд Жон Кеннедийн өөдөөс харан сууж байсан Техас муж улсын захирагч Жон Конэлли бас шархадсан боловч амьд гарсан юм. Хэрэг гарснаас нэг цагийн дараа Ли Харви Освальд гэгч этгээдийг баривчилсан бөгөөд түүнийг саатуулахаар очсон цагдаа Типпит мөн амиа алдсан юм. Хэргийг мөрдөн шалгахаар байгуулагдсан Засгийн газрын комисс энэ хэргийг Ли Харви Освальд ганцаар үйлдсэн бөгөөд том хэмжээний хуйвалдаан биш гэж дүгнэжээ. Гэвч АНУ-д хүн бүр энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд комиссын дүгнэлтэд эргэлзэж, аллагын өөр хувилбаруудыг, тухайлбал Америк эсвэл ЗХУ-ын тагнуулын албадын хуйвалдаан гэх мэт олон хувилбар дэвшүүлэн ярилцдаг ч тэдгээрийн аль нь ч нотлогдоогүй байгаа юм.

相关新闻