Төрийн үйлчилгээг төлөөлөн гүйцэтгүүлэх шийдвэрийн үйлчлэлд 2000 ажилтан хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн зарим чиг үүргийг
төлөөлөн гүйцэтгүүлэхээр заасан.
Тус хуулийн дагуу төрийн үйлчилгээний байгууллагын 1-3 дугаар зэрэглэлийн
ажилтнуудыг хувийн хэвшилд шилжүүлэх асуудал УИХ, Засгийн газрын түвшинд
яригдаж байна.
Уг шийдвэрийн үйлчлэлд улсын хэмжээнд 98 мянга орчим, Баян-Өлгий аймгийн 7068 төрийн албан хаагчийн 1975
нь хамрагдахаар байна. Үүнээс 1800 нь сургууль, цэцэрлэгийн ажилчид юм. Үлдсэн иргэд аймгийн
МСҮТ, сумдын ЗДТГ, Эрүүл мэндийн төвүүд зэрэг байгууллагад ажиллаж байгаа
аж.
Төрийн үйлчилгээний алба хаагчдын төлөөллүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэж энэ
сарын 13-ны өдөр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хурлын зааланд хэвлэлийн
бага хурал хийлээ. Мөн аймгийн төв талбайд гарч эсэргүүцлээ илэрхийлэв.
Хэвлэлийн хуралд оролцогчид төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд
шилжүүлбэл төрийн үйлчилгээний чанар дордохоос гадна тэнд ажиллаж байгаа
иргэдийн ажлын байр, хөдөлмөрлөх эрхийн баталгаа алдагдана гэж үзэж байна.