Шинэ жилийн үйл ажиллагаанд оролцох хүмүүс ІІІ тунд заавал хамрагдсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-14 15:31:14

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комисс энэ сарын 13-ны өдөр ээлжит 31 дүгээр хуралдаанаа хийж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

- Иргэдийг коронавирусний халдварын эсрэг вакцины нэмэлт ІІІ тунд хамруулах ажлыг эрчимжүүлж, хамрагдалтын түвшнийг 50 хувьд хүргэхийг сум, багийн Засаг дарга нарт даалгав;

- Дархлаажуулалтын ажлыг хангалтгүй зохион байгуулсан төрийн алба хаагчдад хариуцлага тооцохыг холбогдох байгууллагуудын удирдлагуудад даалгав;

- Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг сум, багийн Засаг дарга, Мал эмнэлгийн байгууллага, түүний харьяа нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.

- Хувийн хэвшлийн болон төрийн бус байгууллагууд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхийг энэ сарын 18-ны өдрөөс зөвшөөрөв.  Үйл ажиллагааг зориулалтын газар буюу хуримын ордон, соёл үйлчилгээний төвүүдэд 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулна.  Шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцох хүмүүс цар тахлын эсрэг вакцины ІІІ тунд заавал хамрагдсан байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаагүй хүмүүсийг түргэвчилсэн шинжилгээний сөрөг үр дүнг үндэслэн оруулна. 

相关新闻