Израилын Ерөнхий сайд АНЭУ-д анхны албан ёсны айлчлалаа хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-12-14 09:26:46

АБУ-ДАБИ. /Reuters/. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт Арабын Нэгдсэн Эмират Улсад /АНЭУ/-д албан ёсны айлчлал хийсэн улсынхаа анхны Ерөнхий сайд боллоо.


Н.Беннетт АНЭУ-ын угсаа залгамжлах хунтайж, Эмиратын де-факто удирдагч Шейх Мохаммед бен Заид аль-Нахайянтай нийслэл Абу-Даби хотноо даваа гарагт хэлэлцээ хийжээ.


Израил өнгөрсөн оны есдүгээр сард АНУ-ын зуучлалтайгаар АНЭУ-тай харилцаагаа хэвийн болгосон юм. Израил нь Палестинтай холбоотой асуудлын улмаас Арабын орнуудтай урт хугацааны турш санал зөрөлдөөнтэй байсан билээ.


Н.Беннетт даваа гарагт М.Нахайянтай уулзсаныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ уулзалтын үр дүнг цохон тэмдэглэсэн бөгөөд талууд эдийн засгийн хамтын ажиллагаа, бүс нутгийн асуудлууд зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцсэн гэж олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.


Хоёр орны удирдагчид Ираны асуудлаар хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч Израилын “Haaretz” сонинд тэднийг энэ талаар санал солилцсон гэж мэдээлжээ. Персийн булангийн орнууд Ирантай харилцаагаа сайжруулах алхмуудыг судалж буй энэ үед Израил ийнхүү АНЭУ-тай харилцаа бэхжүүлэх алхмыг хийж байна. 

相关新闻