АСЕМ-ын төлөөлөгчдөд Нүүдэлчдийн наадам, өв соёлоо толилууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭАзи-Европын Дээд түвшний уулзалтад оролцож буй төлөөлөгчдөд зориулсан “Нүүдэлчдийн баяр наадам” Чингисийн хүрээ цогцолборт ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
АСЕМ-ын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан "Нүүдэлчдийн баяр наадам"-д Монгол түмний олон зуун жилийн уламжлалтай үндэсний баяр эрийн гурван наадмыг толилуулж, Монголын өв соёл, уламжлал, ахуйг харуулж, ардын болон язгуур урлагийн тоглолт зэргийг үзүүлсэн юм.
Наадмын эхэнд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр үг хэлэхийнхээ өмнө АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтаас хэдхэн цагийн өмнө Франц улсад болсон аймшигт халдлагатай холбогдуулан гүн эмгэнэл илэрхийлж, өнөөдрийн хурлаас терроризмыг санал нэгтэйгээр буруутган, түүний эсрэг хамтран тэмцэхээ илэрхийлэн мэдэгдэл гаргасныг онцлон тэмдэглэлээ. Мөн хүндэт зочдоос халдлагад амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугүй зогсох санал гаргасныг хүлээн авч буйгаа тэмдэглэн, эмгэнэл илэрхийлэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол наадам бол Монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд агуу түүхээрээ, олон зууны турш бүтээж, хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил дэвшлийн нууц ч Монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэндээ тохилуулж байна. Монгол бол найрсаг, нээлттэй улс. Ази-Европыг уулзуулж оршдог орон. Манай улсыг зорьж ирсэн, Монголыг байнга дэмжин хамтарч ажиллаж байдаг орон бүрийн төр засгийн тэргүүд, эрхэм дээд зочид, сайд, албаны хүмүүс, нийт хатагтай ноёдод Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье. Монгол наадмын их ёслол хүндэтгэл, давтагдашгүй сайхныг бид та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгч та бүгд ч энэ бүгдийг нэг дороос харж сэтгэлийн таашаал авах азтай хүмүүс юм. Монголчууд үндэсний их баяр наадмаараа их сүлд тугаа залж, хүчит бөхөө барилдуулж, хүлэг морио уралдуулж, цэц мэргэнээ сорьж, соёл түүхээ тольдож, үгийн сайхныг хэлэлцдэг уламжлалтай. Ази-Европын дээд түвшний уулзалт ч, АСЕМ-ын 20 жил ч бидний энэхүү бахархалт уламжлалтай яв цав зохицож байна. Ази, Европ тив, улмаар даян дэлхий амгалан тайван оршиг” хэмээв.
Үүний дараа хүчит 32 бөх барилдан, үндэсний дуу хуур, бүжгийг сонирхуулсан юм. Нүүдэлчдийн наадамд зориулан зассан тайзыг “АСЕМ-11”-ийн бэлгэ тэмдгийг харуулсан гэр хэлбэртэйгээр засч, ар уулын энгэрт нь “Монголын нэг өдөр”-ийг илэрхийлэн таван хошуу малаа бэлчээн, хурдан морьд уралдуулж, сур харваагаа толилуулж байв. Үүнээс гадна зөвхөн Монголд харж болох “Торгоны зам”-ын тэмээн цуваа, уламжлалт цам бүжиг, 21 дарь эхийн уран нугаралт, морьт үзүүлбэрийг зочдод үзүүлж сонирхуулсан нь хүн бүрийн сонирхлыг эрхгүй татаж байлаа. Хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Д.Ганхуяг түрүүлж, Улсын заан Т.Санчир үзүүрлэсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч хаалтын үг хэлснээр өндөрлөсөн юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголын сайхан орон, сайхан уламжлал, нүүдлийн соёлын дээжсийг шингээсэн Монгол наадмын хүндэтгэл, ёслол, агуулга, өгүүлэмж бүрээс Та бүхэн Монголыг таних мэдлэг дурсамжаа зузаатгасан гэдэгт эргэлзэхгүй байна. Манай сайхан оронд Та бүхнийг дахин тухтай саатан морилохын ерөөл өргөж, энэ удаагийн наадмыг жаргаая" гэсэн юм.
Наадмын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн засгийн зарим тэргүүдэд нум сум харвахыг зааж, төлөөлөгчдийн тэргүүн нартай өргөө цагаан гэрт хүндэтгэлийн зоог барив.
Н.Гантуяа