Гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг нэгдсэн байдлаар ачих санал гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. 2022 оноос эхлэн Ховд аймгийн төвийн гэр хорооллын айл өрхийн хог хаягдлыг ачих, тээвэрлэх ажлыг нэгдсэн байдлаар, тодорхой хуваарийн дагуу зохион байгуулах санал гаргажээ.
Тодруулбал, “Шинэ Ховд жаргалант” ТҮК-ийн хамт олон
энэхүү ажлыг эхлэхтэй холбогдуулан хэд хэдэн тулгамдсан асуудал байгаа бөгөөд
үүнийг шийдвэрлэх тухай санал, хүсэлтийг аймаг орон нутгийн удирдлага,
холбогдох байгууллагад уламжилсан байна.
Ховд аймгийн төвийн гудамж, талбай, орон сууцны хорооллын гадна талбайд ил задгай хог хаягдал нэлээд бий. “Шинэ Ховд жаргалант” ТҮК-аас сууц өмчлөгчдийн холбоотой хамтран ажиллаж, зөвхөн орон сууцны айл өрхийн хогийг цэвэрлэн ачиж, улмаар нэгдсэн хогийн цэгт төвлөрүүлж байгаа. Харин гэр хорооллын бүсэд амьдарч буй айл өрхүүд одоогоор хог хаягдлаа өөрсдөө цэвэрлэж, дунджаар 10-20 мянган төгрөгийн зардал бүхий тээврийн хэрэгсэл хөлслөн ачуулж, нэгдсэн хогийн цэгт хүргүүлдэг юм.
Тэгвэл 2022 оноос эхлэн гэр хорооллын бүх айл өрхийн хог хаягдлыг тодорхой хуваарь, тогтмол ээлжийн дагуу зориулалтын тээврийн хэрэгслээр ачих боломжтой бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлэхэд “Шинэ Ховд жаргалант” ТҮК-д хоёр автомашин шинээр авах хэрэгцээ, шаардлага үүссэн аж. Энэ талаар мэргэжлийн байгууллага, холбогдох хүмүүст танилцуулж, санал гаргасан бөгөөд эцсийн шийдвэр нь хараахан гараагүй байна. Одоо холбогдох байгууллагын зүгээс гэр хорооллын бүсэд амьдарч буй айл өрхийн тоо, хог хаягдлын хэмжээ, цуглуулах, тээвэрлэх зардал зэрэг мэдээллийг урьдчилсан байдлаар цуглуулж, судалгаа хийж байгаа гэж “Шинэ Ховд жаргалант” ТҮК-аас мэдээллээ.
Мөн хог хаягдал
цэвэрлэх, тээвэрлэх, ангилан ялгах ажилтай холбоотой, тус байгууллагын үйл
ажиллагааг жигдрүүлэх, ажлын үр дүнг сайжруулах, тeхник хэрэгслийн хангамжийг
нэмэгдүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл сайжруулах чиглэлд хэд хэдэн шинэ санал
гаргаж, урьдчилсан төлөвлөгөө
боловсруулж байгаа аж.