“Оюутолгой” компани нэг тонн хүдэр баяжуулахад 0.4 метр куб ус ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2021-12-01 13:47:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюутолгой” компани өнгөрсөн 10 дугаар сард нэг тонн хүдэр баяжуулахад дунджаар 0.4 куб метр ус ашиглав. Энэ нь дэлхийн ижил төстэй үйлдвэрийн жишгээс 3 дахин бага ус ашиглаж буй үзүүлэлт гэдгийг тус компанийн ахлах мэргэжилтэн Б.Ууганбаяр тэмдэглэв.


"Оюутолгой" компаниас байгаль орчны чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар хийсэн хэвлэлийн хурлын эхэнд Засгийн газартай хийж буй хэлэлцээр, гүний уурхайн бүтээн байгуулалтад 75 сая ам.доллар нэмж зарцуулахаар болсон тухай мэдээлэл өгөх боломжгүй, зөвхөн байгаль орчны асуудлаар мэдээлнэ гэдгээ тодотголоо.


Тус компанийн Байгаль орчны хэлтсийн менежер Н.Эрдэнэбаяр, “Оюутолгой компани олон улсын стандарт баримтлан байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд 6 мянга гаруй га талбайг уурхайн зориулалтаар эвдсэн ч бэлчээрийг 100 хувь нөхөн сэргээнэ гэсэн амлалтынхаа дагуу 1700 орчим га талбайг нөхөн сэргээж байна. Талбайг ургамалжуулахын тулд мод үржүүлгийн газар ажиллуулж, 2000 орчим мод, модлог ургамал тарьсан. Хоолны хог хаягдлаас бордоо үйлдвэрлэж байна” гэсэн юм. 


“Хөрс агаарын чанар, хог хаягдал, химийн бодисын менежментийг хянахаас гадна манайд агаарын чанарын 5 станц бий. Эдгээр нь агаар дахь бохирдуулагч, тоос, дуу шуугианы үзүүлэлтийг хэмждэг манай улсын уул уурхайн салбарт анхдагч юм. Энэ оны агаарын чанарын үзүүлэлтээр агаар дахь тоосны үзүүлэлтүүд, бохирдуулагч хий, хүхэрлэг хий, озоны хэмжилтүүдийн үр дүн стандартад нийцсэн дүнтэй байна. Хөрсний хяналт шинжилгээг 14 цэгт хийхэд мөн л хүнд металын агууламж стандартад нийцсэн үзүүлэлттэй байсан. Бид уул уурхайн үйлдвэрлэлд усыг хамгийн багаар ашиглах бодлого барьдаг. Барилга байгууламж барихаасаа өмнө ус хамгийн бага ашиглах технологи төлөвлөснөөр хаягдал усыг эргүүлэн татах шугам, мөн уурхайг усаар хангах цөөрөмд бүрхүүл суурилуулж, бохир ус цэвэршүүлэх байгууламжийн усыг эргүүлэн татдаг. Ус эргүүлэн ашиглалт 87 хувь байгаа. Уурхайд бохир ус цэвэршүүлэх 4 байгууламжаа 2019 онд өргөтгөснөөр цэвэрлэсэн ус гарган авч, үйлдвэрт дахин ашигладаг” хэмээн Б.Ууганбаяр мэдээллээ.


"Оюутолгой" компани ухаалаг систем ашиглаж, химийн бодисын хор аюулын лавлахыг англи, монгол хэлээр гаргадаг. Энэ онд 239 төрлийн химийн бодис ашигласны 182 нь тос, тосолгооны материал гэх мэт тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй бодис байжээ. Стандарт хангасан химийн бодисын агуулах барих ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Уурхай нь лицензийн 8500 орчим га талбайтай бөгөөд одоогоор тус компанид байгаль орчны нарийвчилсан 43 үнэлгээ хийгээд байгаа аж

相关新闻