Чулуунхороот сумаас мал, мах нэвтрүүлэхийг тодорхойгүй хугацаагаар хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-11-30 13:03:23

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 92-р хурлаас цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Тухайлбал, Чулуунхороот суманд гоц халдварт шүлхийн өвчлөлийн голомт нэмэгдсэн, үхрийн арьс товруутах өвчний устгал удаашралтай байгаа тул тус сумаас тодорхойгүй хугацаагаар мал, маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохгүй. Харин малын гоц халдварт шүлхий өвчний улмаас мах, малын хөдөлгөөн түр хязгаарлалттай байсан Баяндун, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Цагаан-Овоо, Хөлөнбуйр сумын эрүүл бүсээс бүх төрлийн маханд мал эмнэлгийн гэрчилгээ, шүлхий гараагүй эрүүл байгаа Баян-Уул, Баянтүмэн, Булган, Матад, Чойбалсан, Хэрлэн, Халхгол зэрэг сумаас бүх төрлийн малын маханд мал эмнэлгийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.

Коронавируст халдвартай тэмцэх ажлын хүрээнд дархлаажуулалтын ач холбогдлын талаарх үнэн, бодит мэдээллийг олон нийтэд ЭМГ-аас хүргэх, олон нийтийн үзвэр, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудаар үйлчлүүлж буй иргэд дархлаажуулалтын 3 дугаар тунд хамрагдсан байдалд хяналт тавих, олон нийтийг эрсдэлээс сэргийлэх зорилгоор үйлчилгээний байгууллагын халдварт өртөж эдгэрсэн болон нэмэлт тунд хамрагдаагүй ажилтан ажиллагсдыг дархлаажуулалтад хамруулсан байх, гуравдугаар тунгийн дархлаажуулалтад хамрагдсан иргэдэд үйлчлэх, хамрагдаагүй бол шинжилгээ өгөх талаар шаардахыг анхаарууллаа.

Мөн ААНБ-уудын хүсэлтийн дагуу баар, караоке, ресторан, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдрийн дуустал хугацаанд 00:00 цаг хүртэл сунгахаар боллоо. 

相关新闻