Нээлттэй сонсгол зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-аас “Үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэн, ажилгүйдэл ядуурлыг бууруулах арга зам” сэдэвт нээлттэй сонсгол хэлэлцүүлгийг энэ сарын 23-нд зохион байгууллаа.
Нээлттэй, нийтийн сонсголд талуудын дэвшүүлсэн санал, хүсэлтийг сонсож, ажил хэрэгтээ тусгахаар аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцсон бол орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, ажил олгогч эзэд, ААН, бизнес эрхлэгч иргэдийн 70 гаруй төлөөлөл байв.
Сонсголын үеэр, Ковидоос шалтгаалан үйл ажиллагаа нь доголдоод буй ААН-үүдээ орон нутаг бодлогоор дэмжих, ажиллах хүчний чадамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдал, төр, хувийн хэвшил, иргэн хооронд найдвартай түншлэл бий болгох талаар хэлэлцжээ. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны чанар хүртээмж, уялдаа холбоог бэхжүүлэх, техник, технологийн шинэчлэлийг орон нутагтаа нэвтрүүлэх зэрэг үндсэн зургаан асуудлын хүрээнд 30 гаруй багцалсан саналыг оролцогчид гаргасан байна.
ААН, бизнес эрхлэгчдээс гарсан нээлттэй санал шүүмжийг аймгийн ИТХ-ын ажлын албанаас нэгтгэн боловсруулж, ИТХ-аар хэлэлцүүлснээр аймаг орон нутаг шийдвэр гарган хэрэгжүүлэх аж.
Сонсголын төгсгөлд аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ирэх онуудад хэрэгжүүлэх дэд бүтэц, ногоон байгууламжийн төслүүд, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого, гэр хорооллыг барилгажуулах төлөвлөгөөний тухай мэдээллийг оролцогчдод өгч, орон нутгийн бизнес эрхлэгчдээ хуулийн хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


