Монголын оюутны спортын холбооны ээлжит чуулган болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны ээлжит чуулган энэ сарын 19-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын "Red Rock" хурал, амралтын төвд боллоо.
Чуулганд төв ба орон нутгийн, тухайлбал Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-уул , Дорноговь, Увс, Ховд зэрэг аймгийн 30 орчим их, дээд сургууль, коллежийн 70 гаруй багш, оюутан, удирдах ажилтан оролцов. Урилгаар спортын холбоод, байгууллага, МОХ-ны удирдлагууд оролцсон.
Чуулганаар МОСХ-ны 2017-2021 оны үйл ажиллагааны тайланг МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, хяналтын зөвлөлийн тайланг Мон-Алтиус БТДС-ийн захирал, хяналтын зөвлөлийн дарга М.Өсөхбаяр, 2022-2025 оны ажлын стратегийн зорилтыг МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн ОСХ-ны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МОСХ-ны дүрмийн шинэчилсэн найруулга, зохион байгуулалтын асуудлыг ХААИС-ийн захирал, МОСХ-ны дэд ерөнхийлөгч Т.Хэрүүга нар хэлэлцүүлэн, удирдан явуулав.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан, ерөнхий санал шүүмжлэл явагдан төлөөлөгчид идэвхтэй оролцон, төгсөлд нь 11 тогтоолыг батлан гаргав. Төлөөлөгчид МОСХ-ны 2017-2021 оны үйл ажиллагаа амжилттай явагдсан гэж санал нэгтэй сайшааж, цаашид хэрэгжүүлэх ажлын зорилтыг тодорхойлсон байна. Мөн МОСХ-ны дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлав.
Чуулганаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэн МОСХ-ны Ерөнхийлөгчөөр, ОУОСХ-ны ерөнхий санхүүч Д.Баясгаланг сонгон батлав. МОСХ-ны дэд Ерөнхийлөгчөөр ХААИС-ийн захирал Т.Хэрүүгаг, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан нарыг 2025 оныг хүртэл дөрвөн жилээр сонгов. Удирдах зөвлөлд ЭТТ ХК-ийн захиргаа удирдлагын газрын дарга Х.Батсайхан, ҮБТДС-ийн дэд захирал, ШУ-ны доктор Л.Гүндэгмаа, МУИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв, "Сити" их сургуулийн ТУЗ-ийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, МУБИС-ийн БТС-ийн захирал Г. Энхсайхан, ШУТИС-ийн БТ-ын тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт, “Аварга” БТДС-ийн багш Г. Ундрах, Оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн нарыг нэр дэвшүүлэн чуулганы төлөөлөгч нарын дундаас сонгож баталсан байна. Хяналтын зөвлөлийн даргаар Мон-Алтиус БТДС-ийн захирал М.Өсөхбаяр, гишүүнд МУБИС-ийн профессор, гавьяат багш Л.Цэрэнсодном, Говь-Алтай АШУҮИС-ийн захирал М.Банзаагаяа нарыг сонгон батлав.
МОСХ-ны ээлжит VIII чуулган 2020 оны 11 дүгээр сард явагдах байсан ч, ковидын улмаас нэг жилээр хойшилсон юм.
Чуулганы төгсгөлд “Монгол Улсын оны шилдэг оюутан тамирчин”-ы шагналыг гардуулан 2020 оны шилдэг тамирчнаар Ази тивийн оюутны шатрын онлайн тэмцээний хошой аварга, Мон-Алтиус БТДС-ийн оюутан, ДШХМ, Э.Хулан, 2021 оны шилдэг тамирчнаар Азийн тивийн оюутны аварга шалгаруулах чирлидингийн онлайн тэмцээний мөнгөн медаль хүртсэн, ҮБТДС-ийн оюутан, спортын мастер Б.Шүрэнцэцэг нар шалгарч МОСХ-ны “Шилдэг оюутан тамирчин”-ы өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйлээр шагнасан байна.