Орос хэл, соёлын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд Дундговь аймагт Орос хэл, соёлын үйл
ажиллагааг энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион
байгууллаа.
Энэ жил хоёр улсын дипломат харилцаа
тогтоосны 100 жилийн ой, Оросын шинжлэх ухаан, соёлын төв байгуулсны 45
жилийн ой, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой тохиож байгаа юм. Тиймээс Орос хэл, соёлын үйл
ажиллагааны хүрээнд багш, сурагчид, ОХУ-д сургууль төгсөгчид гээд олон талыг
хамарсан уралдаан, сорил, семинар, уулзалт, соёлын бусад ажлуудыг өргөн хүрээнд
зохион байгуулсан байна.
Тус үйл ажиллагаанд урилгаар
ОХУ-аас
Монгол Улсад суугаа ЭСЯ-ны
зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Оросын
Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Базархандаев Амгалан Ринчинович, ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Акулова Анна
Сергеевна болон бусад төлөөлөгч, “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн
тэргүүн, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Монгол- Оросын найрамдлын
нийгэмлэгийн дэд тэргүүн Ё.Максим, түүний шавь нар оролцжээ.
Орос хэл, соёлын үйл
ажиллагааны нээлтийн үеэр Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дэд
тэргүүн Ё.Максимыг Дундговь
аймгийн “Хүндэт иргэн” тэмдгээр шагнаж,
түүний 1988
онд төгсөгч шавь нар нээлтийн
үйл ажиллагаанд оролцогчдод “Орос
хэл өөрөө сурах бичиг” номыг дурсгасан
байна.
Энэ үеэр
Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Владимир Жанибеков
нарын сансарт ниссэн бодит явдлаас сэдэвлэсэн
“Салют-7” уран сайхны киноны нээлтийг Дундговь аймагт хийж, нээлтэд сансрын
нисгэгч өөрөө оролцон, сансарт ниссэн
үеийн дурсамжаасаа хуваалцсан нь үзэгчдийн сэтгэлийг ихээхэн хөдөлгөсөн.
Киноны нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэлсэн үгэндээ “Монгол хүн сансарт ниссэн үйл явдал бол монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд бахархал омогшлыг
төрүүлсэн түүхэн үйл явдал байсан”
гэдгийг
онцлон тэмдэглэжээ.
Түүнээс гадна энэ өдрүүдэд
12 дугаар ангийн сурагчдын дунд Ё.Максим багшийн нэрэмжит “Орос хэлний олимпиад”, орос хэлний багш нарын дунд “Шилдэг багш” шалгаруулах
уралдаан, орос хэл, байгалийн ухааны багш нарын семинар, орос дуу, шүлгийн
уралдаан, Найрамдлын цуглаан, Орост төгсөгчид, орос хэлний багш нарын уулзалт,
цэнгүүн болсон юм.




