Салбар нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-19 22:15:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг”-ийн Тэргүүн Ч.Гомбодорж, тэргүүлэгч В.Нарантуяа, Ч.Эрдэнэцэцэг нар Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан сумын салбар нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцжээ. Мөн үеэр тухайн сумдын удирдлагуудтай уулзаж санал солилцсоны зэрэгцээ Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах салбар нийгэмлэгийн сонгуультнуудтай уулзалт хийсэн байна.

Энн хүрээнд Салбар нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлж, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор  Бүтэц бүрэлдэхүүний жишиг тогтоон баталж, нэг зохион байгуулалтад оруулах, улмаар төрийн анхан шатны нэгжид  тус нийгэмлэгийн салбарыг зохион байгуулалтын бүтцээр тусгуулах, сонгуультнуудыг идэвхжүүлж, үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд шаардагдаж буй санхүүгийн эх үүсвэрийг тодорхой болгоход анхаарч ажиллахаар тогтжээ.

Мөн аймгийн хэмжээнд холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэхэд чиглэн 2022 оны төлөвлөгөөнд "Хэрэглээний соёлд иргэн бүр суралцъя", "Хэрэглэгчдийн эрхийг хүндэтгэн түргэн шуурхай, соёлтой үйлчилье", "Хууль тогтоомж, стандартыг сахин биелүүлье", "Хувийн эрх ашгийг бус нийтийн эрх ашгийг хүндэтгэе", "Харилцан ойлголцож хамтран ажиллая" зэрэг сэдвээр шат дараатай ажлыг тусгахаар шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймаг дахь “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” сум бүрд Салбар нийгэмлэгтэй. Тухайн орон нутагтаа Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомж болон үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах  болон бараа, бүтээгдэхүүний чанар, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх хор нөлөөг судалж хэрэглэгч бүрд хүрч, үнэн зөв бодит мэдээллээр хангах, тулгамдсан асуудлыг авч хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байна.

相关新闻