Мал хулгайлсан этгээдүүдийн хэргийг нээлттэй шүүх хуралдаанаар шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-19 21:40:06

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумын иргэдийг оролцуулан нээлттэй шүүх хурлыг зохион байгууллаа. Хурлыг Гурванбулаг суманд аймгийн ГХУСАЗСЗ, Шүүхийн тамгын газар, Прокурорын газар, Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан байна.

Баянхонгор аймагт Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн мал хулгайлах гэмт хэрэг 2021 оны 3 дугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51.1 хувиар буурчээ. Тус аймаг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удаа дараа хяналт шалгалтуудын ажлыг хийсний үр дүнд малын хулгайн гэмт хэргийн гаралт буурсныг албаныхан хэлж байна. 

Баянхонгор аймгийн Гурванбулаг сум нь Завхан аймгийн Отгон сумтай нутаг дэвсгэрийн хувьд хил залгаа оршдог. Хоёр аймаг дамнаж, олон тооны мал буюу 103 адуу, 21 үхрийг бүлэглэн хулгайлж, бусдад 196.400.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Энэхүү хэргийн шүүх хуралдааныг дээрх суманд зохион байгуулж, нээлттэйгээр хянан шийдвэрлэсэн аж.

Малчдыг малаа өдрийн цагаар хариулгатай, орой гаднаа хотлуулж, байнгын хяналттай байлгахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

相关新闻