Аялал жуулчлалыг дэмжих мэргэжлийн зөвлөл байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-11-19 16:58:38

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн онцлог, өв уламжлал, түүх соёл, байгаль, ахуй амьдралд суурилсан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Нэг аймаг - Нэгдсэн бодлого” аялал жуулчлалын хэлэлцүүлэг уулзалтыг аймгийн ЗДТГ, БОАЖГ, Монголын аялал жуулчлалын холбоо, “Баянхонгор-Хүн үүслийн өлгий” аялал жуулчлалын холбоо хамтран Улаанбаатар хотноо зохион байгууллаа. 

Үндэсний болон олон улсын туршлагыг судлах, салбарын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, нөөцийг тодорхойлж, зохистой удирдаж хамтран ажиллах оролцогч талуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх тус уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 16-нд болсон юм.

Хонгор нутгаас төрөн гарсан эрдэмтэн, доктор, профессор, багш, судлаач, оюутан залуус, салбарын төлөөлөл, аймгийн удирдлага, бодлогын яам, мэргэжлийн холбоод, холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, зөвлөх, мэргэжилтнүүдээс гадна Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа төслийн байгууллагын төлөөлөл, бусад эрдэмтэн, доктор, судлаач нар тус хэлэлцүүлэгт урилгаар оролцлоо. 

Хэлэлцүүлгийг нээж аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат хэлсэн үгэндээ, "Баянхонгор аймгийн тэргүүлэх салбарын нэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллагын хувьд дэмжиж ажиллана. Цаашид судалгаан дээр үндэслэж аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана" гэдгийг онцолж байв. 

Онолын болон нээлттэй асуулт, хариулт, саналын гэсэн 2 үе шаттайгаар өрнөсөн хэлэлцүүлгээр БОАЖЯ-наас орон нутагт аялал жуулчлалын талаар баримталж байгаа бодлого, Монголын аялал жуулчлалын холбооны танилцуулга, цаашид орон нутагтай хамтран ажиллах боломж, Соёлын аялал жуулчлалыг орон нутагт хөгжүүлэх боломж, нөөц, анхаарах асуудлыг эхэнд танилцуулав. Үргэлжлэн Баянхонгор аймагт хэрэгжиж байгаа “Гэр ба байгаль” аялал жуулчлалын төслийн танилцуулга, аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, онцлог ажлуудын талаар холбогдох албад мэдээлэл хийлээ.

Уулзалт хэлэлцүүлэгт соёлын үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг хамгаалах, сурталчлах, өвлүүлэх, аялал жуулчлалын эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Монгол Улсын Ардын багш С.Дулам, Эрдэмтэн С.Юндэнбат, Аялал жуулчлалын боловсрол сургалт, судалгааны төвийн тэргүүн Д.Гансүх, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн археологич Я.Цэрэндагва, ШУТИС-ийн багш Ю.Болдбаатар, ШУТИС-ийн багш Н.Галиймаа, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх С.Баярмагнай, МАЖМХ-дын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат, МУБИС-ийн багш Ц.Сэр-Од, Экологи сургалт судалгааны төвийн зөвлөх Б.Галбадрах нар үнэтэй санал дэвшүүлж байлаа. 

Хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн ИТХ-ын дэргэд Аялал жуулчлалыг дэмжих мэргэжлийн зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Зөвлөлийн тэргүүнээр Монгол Улсын Технологийн их сургуулийн багш, Түүхийн ухааны доктор, дэд профессор /Ph.D/ Ю.Болдбаатар, нарийн бичгийн даргаар БОАЖГ-ын аялал жуулчлалын ахлах мэргэжилтэн Д.Содномсамдан, зөвлөлийн гишүүдээр Аялал жуулчлалын боловсрол сургалт, судалгааны төвийн тэргүүн, доктор /Ph.D/ Д.Гансүх,  ШУА-ын Археологийн хүрээлэнгийн археологич, эрдэмтэн доктор /Sh.D/ Я.Цэрэндагва, Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат,  Гэрэл зурагчин О.Баярсайхан, Боловсролын Их Сургуулийн Газар зүйн тэнхимийн багш Ц.Сэр-Од, МАТО-ын УЗГ-н С.Шинэцэцэг нар сонгогдлоо. 

Цаашид Баянхонгор аймагт аялал жуулчлалын нөөц газрыг хамгаалах, сурталчлан таниулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэхүү мэргэжлийн зөвлөл анхаарч ажиллана.

相关新闻