Таван аймгийн бүсчилсэн зөвлөгөөн боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Бэлчээрийн тогтвортой менежмент, “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах тухай 5 аймгийн
бүсчилсэн зөвлөгөөн өнөөдөр Дундговь аймагт боллоо.
ЗГХЭГ, ХХААХҮЯ, “Нутгийн өөрөө удирдах
байгууллагын институцын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хамтран зохион байгуулж
буй тус зөвлөгөөнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн,
ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь, Газрын дарга Д.Батмөнх болон Дундговь,
Дорноговь, Төв, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төлөөлөл оролцсон байна.
Тус зөвлөгөөнд Дундговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумын
ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Засаг дарга нар цахимаар оролцжээ.
Аймгийн ИТХ-ын мэдээлснээр ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь
зөвлөгөөний үеэр өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын явц, зохион байгуулалт, энэ оны 7 дугаар сарын
1-нээс эхлэн хэрэгжүүлэх “Малын тоо
толгойн албан татварын тухай” хууль, түүнийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл
өгчээ.
Тэрээр мэдээлэлдээ Монгол Улсын хэмжээнд өвөлжилтийн
бэлтгэл 84,2 хувьтай байгаа бөгөөд энэ өвөл 169,7 мянган малчин өрхийн 67,8 сая
мал өвөлжихөөс 19,0 мянган өрхийн 8,4 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион
байгуулалт хийсэн тухай танилцуулж, “Малын тоо толгойн албан татварын тухай”
хууль хэрэгжсэнээр татвараар бий болох хөрөнгийг сум хөгжүүлэх санд төвлөрүүлж,
малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулах боломж бүрдэж
байгаа гэдгийг онцлон, албан татварыг сайтар төвлөрүүлж, мал аж ахуйн салбарынхаа
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, хамтран ажиллахыг хүссэн байна.

