Гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх тактикийн сургууль хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-11-17 17:43:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн мэргэжлийн байгууллагууд өнөөдөр гамшиг болон галын аюулаас урьдчилан сэргийлэх тактикийн дадлага, сургалтыг амжилттай зохион байгууллаа.   

Энэ нь Монгол Улсын “Гамшгаас хамгаалах тухай хууль”, “Галын аюулгүй байдлын тухай хууль”, Гал түймэр унтраах дүрэм болон бусад холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх мэдлэг боловсрол олгох, онц чухал обьектын галын аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.  

Иймээс Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “Ховд дулааны станц” ТӨХК-ийн барилгын гурван давхрын конвер болон нэг давхрын цахилгаан хуваарилах өрөөнд гарсан гал түймрийг унтраах, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, тактикийн сургууль хийжээ.  

Үүнд оролцогчид “дулааны станцын гурван давхрын конвер болон нэг давхарт гал түймэр гарч, барилга бүхэлдээ утаажсан, гал түймрийн тархалт бүрэн дэлгэрч, угаартсан ажилтнууд байна” гэсэн мэдээлэл, нөхцөл байдлын дагуу ажиллажээ.    

Мөн гал түймэр гарсан үед ажилтнуудын амь, эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулах, ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, “Онцгой байдлын газар”-тай гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах чиглэлээр танхимын сургалт өрнүүлсэн байна.

Энэ удаагийн аврах ажиллагаанд хоёр эрэлч нохой оролцуулснаараа онцлог байлаа.

Мөн тактикийн сургуульд “Ховд дулааны станц ТӨХК”-ийн 20 ажилтан, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн 15 алба хаагч, Эрэн хайх, аврах ангийн 12 алба хаагч гээд нийт 47 ажилтан, алба хаагч, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр оролцжээ. 

 

相关新闻