"Банхар арт терапи төсөл" Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-11-17 17:29:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр үе тэнгийнхний дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх "Банхар арт терапи төсөл" Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ.

Энэхүү төсөл нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын лаборатори 1, 2, 3, 4 дүгээр сургууль, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуульд хэрэгжих юм.

Төслийн хүрээнд Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхэд хамгааллын баг, эцэг эх, хүүхдүүдэд чиглэсэн эхний үе шатны сургалтуудыг 11 дүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Хүүхэд, залуучуудын ордонд зохион байгуулж байна. Тодруулбал, энэ өдрүүдэд:

-Сургууль, цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг буюу захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч нарт "Ажлын байранд стресс бууруулах, үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүдийг хэрхэн таньж мэдэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж сурах" сургалт,

-Эцэг эхчүүдэд "Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртсөн хүүхдийг хэрхэн таньж мэдэх, хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэж сурах" сургалт,

-Хүүхдүүдэд "Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, үе тэнгийн сургагч бэлтгэх" сургалтуудыг тус тус зохион байгуулж байна. Сургалтыг тус аймгийн Боловсролын газраас санаачлан Монголын урлагийн сэтгэл заслын холбооны тэргүүн В.Бэрцэцэг чиглүүлэн ажиллаж байгаа аж. 


相关新闻