Шинэ Зеландад вакцины нэмэлт тунг тарьж эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВЕЛЛИНГТОН. /New
Zealand Herald/. Шинэ Зеландад “COVID-19”-ийн вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс
хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн, 18 болон түүнээс дээш насны иргэдийг 11
дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нэмэлт тунд хамруулахаар болжээ.
“COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан сайд Крис
Хипкинс вакцины нэмэлт тунгийн дархлаажуулалтын талаар өнөөдөр танилцуулаад, “Pfizer” компанийн вакциныг 18-аас дээш насны иргэдэд хэрэглэхийг
холбогдох байгууллага хэдийнээ зөвшөөрөөд байгааг мэдээлсэн байна.
“Вакцинжуулалт бол “COVID-19”-ийн эсрэг хамгийн сайн хамгаалалт юм. Нэмэлт тунг 18-аас дээш насны, хоёр дахь тунгаа хийлгээд зургаан сараас дээш хугацаа өнгөрсөн хүмүүст үнэ төлбөргүй тарина” гэж тэрбээр хэлжээ. Мөн Шинэ Зеландад байгаа хүн бүр өмнөх тунгуудаа хаана хийлгэснээсээ үл хамааран нэмэлт тунг тариулах боломжтой байна.