Л.Золбаяр "Адуутай намар" гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн залуу гэрэл зурагчин
Л.Золбаярын "Адуутай намар" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын
13-ны өдрөөс Өлгий хотод олны хүртээл болж байна.
Түүний хувьд тус аймгийн 13 сумын нутгаас авсан адуутай байгалийн
зургуудаас 200 орчим бүтээлийг өөрийн анхны бие даасан гэрэл зургийн
үзэсгэлэндээ тавьжээ.
"Энэ удаад зөвхөн байгалийн зургийн үзэсгэлэн биш "Алтайн дээвэр Таван
богд" дууныхаа CD-г давхар гаргаж байна. Өөрийнхөө авсан зургуудыг оруулж
хийсэн хөргөгчний наалт, түлхүүрийн оосор, аяга зэрэг
бэлэг дурсгалын зүйлсийг үйлдвэрлээд олон нийтэд мөн танилцуулж байгаа.
Үзэсгэлэн энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд
үзэсгэлэн гаргах орон байраар хангасан ХААН банкны салбар, мөн дэмжлэг үзүүлсэн Naru photo studio, "Отгоо жааз", "Солонгос жааз"-ны үйлдвэрүүдэд талархал илэрхийлье"
гэж уран бүтээлч хэллээ.
Л.Золбаяр нь гэрэл зургаар хичээллээд 10 гаруй жилийн хугацаа
өнгөрчээ. Цаашид гэрэл зургийн ном гаргаж, аялал жуулчлалын бэлэг дурсгалын
багц бүтээгдэхүүн бий болгохыг зорьж байгаа ажээ.