Профессор Л.Мөнх-Очир агсны нэрэмжит компьютерын лаборатори байгуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дэлгэрцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд МУИС-ийн
Бизнесийн сургуулийн НББ-ийн тэнхимийн профессор Л.Мөнх-Очир агсны нэрэмжит
компьютерын лаборатори байгуулж, нээлтээ хийлээ.
Тус лабораторийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-ийн
тэнхимийн хамт олны санаачилгаар профессор Л.Мөнх-Очир агсны гэр бүл, үр
хүүхдүүд, найз нөхөд, хамт олон болон 20 орчим компаний дэмжлэгтэйгээр
байгуулжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч
М.Анхбаяр оролцож, сумын
сургуульд компьютер, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангасан ийм танхим байгуулсан
МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-ын тэнхимийн хамт олон, гэр бүл, үр
хүүхдүүдэд нь талархаж байгаагаа илэрхийлэн аймаг, орон нутгийн зүгээс энэхүү
лабораторийг албан ёсны болгож, гэрчилгээжүүлэхэд анхаарна гэлээ.
Төслийг санаачлагч, МУИС-ийн Бизнесийн сургуулийн НББ-ын
тэнхимийн доктор, профессор Л.Наранчимэг энэхүү үйл ажиллагааны талаар “Миний
багш Л.Мөнх-Очир Дэлгэрцогт сумын уугуул, Улаанбаатар хот дахь нутгийн
зөвлөлийн даргаар олон жил ажилласан. Би бол яг гарынх нь шавь.
Багштайгаа 10 гаруй жил нэг өрөөнд хамт сууж, жаргал
зовлонгоо хуваалцаж ирсэн. Багш маань нутаг усандаа маш их ээлтэй, сүүлийн
жилүүдэд ялангуяа сумын ой болно, нутгийн ой болно, аймгийн ой болно, тийм ч юм
хийнэ, ийм ч юм хийнэ гээд зураг төсвийг нь гаргадаг хүн байсан.
Би багшийнхаа энэ үйл хэргийг үргэлжлүүлье, төрсөн нутагт
нь сурч байсан сургуульд нь өөрийнх нь нэрийг мөнхөлж, ямар нэг бүтээлч зүйл
хийе гэж боддог байсан. Өнгөрсөн жил бид нар энэ суманд мод тарьсан, модоо
услах гээд ирэх үедээ сумын Засаг даргатай уулзаж, ярилцаж байх үед
компьютерын талаар санаагаа хэлж байсан. Тэгээд л надад энэ санаа төрсөн дөө.
Тэгээд намар ирээд хамт олонтойгоо зөвлөж байгаад энэ ажлыг хэрэгжүүллээ.
Манай тэнхим 24, 25 багш ажилтантай, бүгд энэ ажлыг
дэмжиж оролцсон. Мөн 20 орчим компани хувь нэмрээ оруулсан. Багшийн минь багш,
башийн маань шавь нар, хамтран зүтгэгч нар нь мөн хандив өгсөн. Энэ
компьютерийн лаборатори маань 50,0 гаруй сая төгрөгийн өртөг, хөрөнгөөр боссон”
гэлээ.



