Саадын зурвасын аварга шалгаруулах тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-11-13 13:57:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн хамт олны бүтээн байгуулсан биеийн тамирын цогцолбор хотхоны нээлтийн үйл ажиллагаа болж, энэ үеэр аймгийн Засаг даргын нэрэмжит “Саадын зурвасын аварга шалгаруулах” тэмцээн зохион байгууллаа.

Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн хамт олон сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх ажлын хүрээнд “Шалгалтын саадын зурвас”, “Гранатын талбай”, “Гимнастикийн талбай” зэрэг биеийн тамирын цогцолбор хотхоныг өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан байгуулжээ.

Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Цэргийн штабын дарга, дэд хурандаа Ш.Гансүх, болон Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 065-р анги, 278-р байгууламж, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, алба хаагчид оролцов.

Тус тэмцээнд Зэвсэгт хүчний 065-р анги болон Дундговь аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 11 баг гимнастикийн талбай туулах, ерөнхий цэргийн саад давах, гранат шидэлт гэсэн гурван төрлөөр оролцож, авъяас, мэдлэг, чадвараа сорьсон байна.

Гимнастикийн талбай туулах төрөлд Зэвсэгт хүчний 065 дугаар анги түрүүлж, Зэвсэгт хүчний 252 дугаар рот, аймгийн Онцгой байдлын газар удаалсан бол Ерөнхий цэргийн саад төрөлд  Зэвсэгт хүчний 065 дугаар анги тэргүүн байр эзэлж, Зэвсэгт хүчний 252 дугаар рот, Зэвсэгт хүчний 104 дүгээр тусгай рот хоёр, гуравдугаар байрт оржээ. 

Харин Гранат шидэлтийн төрөлд Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж түрүүлж, Зэвсэгт хүчний 065 дугаар анги, Зэвсэгт хүчний 252 дугаар рот удаалсан байна.

相关新闻