“Токио-2020” олимп, паралимпын медальтнуудад Төрийн дээд одон, цол хүртээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-10 16:13:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар "Токио-2020" олимп болон паралимпын наадамд өндөр амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон, цол гардуулахаар болжээ.


Тодруулбал, "Токио-2020" олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин М.Уранцэцэг, "Токио-2020" паралимпын наадмын алтан медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна.



Мөн "Токио-2020" олимпын наадмын мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Саид Моллаи, хүрэл медаль хүртсэн жүдо бөхийн Ц.Цогтбаатар, "Токио-2020" олимпын наадмаас чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяа нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгох юм байна.


Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Монголын хүндийг өргөлтийн холбооны ерөнхий дасгалжуулагч, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Хосбаяр нар Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртэж байгаа бөгөөд шагналыг маргааш 14.00 цагаас Төрийн ордонд гардуулна.











相关新闻