АНУ-ын Конгрессын гишүүд Тайваньд айлчилсныг эрс эсэргүүцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-10 15:22:38

БЭЭЖИН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүд Тайбэйд айлчлах нь Хятадын ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд Тайванийн хоолойн байдлыг улам дордуулахад хүргэж болзошгүй гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын албан ёсны төлөөлөгч Жу Фэнлянь мэдэгджээ.


“Тайбэйд хүрэлцэн ирсэн АНУ-ын Конгрессын гишүүдээс бид “нэг Хятад” зарчим болон Хятад-Америкийн хэлэлцээрийг хүндэтгэхийг шаардаж байна. Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдэд буруу дохио өгөх шаардлагагүй бөгөөд эс тэгвээс энэ нь Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, байдлыг улам дордуулж болзошгүй" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


Жу Фэнлянийн хэлснээр, Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилт нам арлыг БНХАУ-аас тусгаар тогтнуулахын тулд Вашингтоноос дэмжлэг авахыг эрмэлзэж байна. "Ийм оролдлого бүтэлгүйтэх болно" гэж тэрбээр онцлон хэлжээ.


Хятадын эрх баригчид үндэсний эрх ашиг, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаална гэж тэрбээр тэмдэглээд "АНУ Тайваньтай албан ёсны харилцаа тогтоохыг бид эрс эсэргүүцэж байна" хэмээн нэмж хэлсэн байна.


АНУ-ын Конгрессын гишүүд цэргийн тээврийн онгоцоор мягмар гарагт Тайбэйд хүрэлцэн очжээ. Арлын Гадаад хэргийн яам Конгрессын гишүүд айлчилсныг нотолсон боловч ямар нэг тайлбар хийгээгүй байна.


相关新闻