Оны эхний 10 сард 5 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий
аймаг дахь Цагдаагийн газраас хүүхдийг бэлгийн
хүчирхийлэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг нь
хангах зорилгоор “Нуугдмал” нэгдсэн арга хэмжээг өнгөрсөн сарын 22-ны өдрөөс
зохион байгуулж байна.
Тус аймагт 2019 онд хүүхэд бэлгийн
хүчирхийлэлд өртсөн 10, 2020 онд 8, 2021 оны эхний 10 сард 5 тохиолдол тус тус
бүртгэгджээ.
Харин
бэлгийн хүчирхийллийн дийлэнх хувийг хохирогчийн ойр дотнын хүмүүс
үйлдэж байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.
Тухайн төрлийн гэмт хэрэг гарахад гэр
бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хараа хяналт сул, ахуйн
хүрээний архидалт, хүүхэд хамгааллын тогтолцооны үйл ажиллагаа нь жигдрээгүй,
гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, хохирогчийн гэнэн итгэмтгий зан
зэрэг хүчин зүйлс нөлөөлж байгаа аж.
Иймээс цагдаагийн байгууллага бага
насны хүүхдүүд тухайн төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан
сэргийлэх ажлуудыг эрчимжүүлж байна.
Тухайлбал, дээрх «Нуугдмал» нэгдсэн
арга хэмжээний хүрээнд Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулиудын
сурагчид, МСҮТ болон ХИС-ийн салбар сургуулийн оюутнуудад гэр
бүл төлөвлөлт, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн талаар
мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар,
Насан туршийн боловсролын төв болон бусад төрийн бус байгууллагатай хамтран
зохион байгуулж байгаа.
"Нуугдмал" нэгдсэн арга хэмжээ ирэх
сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.