АНУ-ын Ерөнхийлөгч “Walmart”, “UPS” тэргүүтэй компанийн удирдлагуудтай уулзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Fox
Business/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо
Байден бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт саатах, хэрэглэгчдэд хүрэх үнэ өсөхөд
нөлөөлж буй нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд буй хямралыг зохицуулах чиглэлд
гаргах хүчин чармайлтын талаар жижиглэн худалдаа, тээвэр логистикийн чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын удирдлагуудтай хэлэлцжээ.
Цагаан ордны
мэдээлснээр, Ж.Байден “Walmart” компанийн гүйцэтгэх захирал Дуг Макмиллон, “Target” компанийн гүйцэтгэх захирал
Брайан Корнелл, “UPS” компанийн гүйцэтгэх захирал Кэрол Том, “FedEx” компанийн гүйцэтгэх захирал Фред Смит
нартай уулзаж, засаг захиргаа, хувийн хэвшлийн зүгээс нийлүүлэлтийн сүлжээг
бэхжүүлэх, хүргэлтийг түргэвчилж, үнийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж буй
алхмуудыг ахиулах асуудлаар хэлэлцсэн байна.
“Уулзалтын үеэр компанийн
удирдлагууд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хурдасгах арга хэмжээнүүдийнхээ
талаар Ерөнхийлөгчид танилцуулж, удахгүй болох баярын улирлын үеэр дэлгүүрүүдийг
хэрхэн хангалттай нөөцтэй байлгах талаар хэлэлцсэн” гэж Цагаан ордны төлөөлөгч
мэдээлжээ.
Олон нийт үнэ, инфялийн
өсөлтөд санаа зовних болоод байгаатай холбоотойгоор Ж.Байдены засаг захиргаа нийлүүлэлтийн
сүлжээнд үүсээд буй асуудлуудыг зохицуулах шахалттай тулгараад байна. Түүнчлэн өнгөрсөн
сард Цагаан ордны төлөөлөгчид баярын үеэр зарим бараа бүтээгдэхүүний хомсдол
үүсэж болзошгүй байгааг анхааруулсан юм.
“Target” компанийн гүйцэтгэх захирал Б.Корнеллын
хувьд, бид баярын өдрүүдээр дэлгүүрээр үйлчлүүлэх хүмүүсийг сэтгэл хангалуун
байлгахын төлөө ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэнийг тус компани уламжилжээ. АНУ-ын
Ерөнхийлөгч уулзалтын үеэр саяхан батлагдсан дэд бүтцийн төсөл нь боомт, зам,
гүүр, төмөр зам тэргүүтэй салбаруудад өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт
болно гэдгийг мөн цохон тэмдэглэсэн байна.
Өнгөрсөн сард “Walmart”, “UPS”, “FedEx”, “Samsung”, “Home Depot”, “Target” компаниуд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд буй асуудлуудыг
зохицуулахын тулд ажиллах цагаа уртасгахаар тохиролцсон юм. Мөн Ж.Байден ачаа барааны
бөөгнөрлийг багасгахын тулд Лос-Анжелес, Лонг-Бич хотын боомтуудын үйл
ажиллагааг 24 цагаар явуулахыг үүрэг болгосон билээ.