Энэтхэг Афганистаны асуудлаарх яриа хэлэлцээ зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-09 12:23:26

ШИНЭ ДЕЛИ. /Anadolu/. Энэтхэг улс Афганистаны асуудлаарх өндөр түвшний аюулгүй байдлын яриа хэлэлцээг лхагва гарагт зохион байгуулахаар боллоо гэж Энэтхэгийн Гадаад хэргийн яам даваа гарагт мэдээлжээ.


Бүс нутгийн аюулгүй байдлын яриа хэлэлцээг үндэсний аюулгүй байдлын зөвлөх, аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын түвшинд зохион байгуулах бөгөөд Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ажит Доваль даргалах ажээ.


Энэхүү уулзалтад Иран, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Туркменистан, Узбекистаны төлөөлөгчид оролцоно. Талууд “Талибан” хөдөлгөөн энэ оны наймдугаар сард Афганистаны засгийн эрхийг авснаас хойших бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдлыг хянан нягталж, холбогдох сорилтуудыг зохицуулах, Афганистаны ард түмэнд энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг цогцлооход дэмжлэг үзүүлэх арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэх ажээ.

 

Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Энэтхэг улс Афганистаны ард түмэнтэй ойр дотно, найрсаг харилцаатай болохыг цохон тэмдэглээд, Афганистанд нүүрлээд буй аюулгүй байдал, хүмүүнлэгийн асуудлуудыг зохицуулахад олон улсын нэгдсэн хариу арга хэмжээ авахыг уриалжээ. 


Энэхүү яриа хэлэлцээнд оролцох урилгыг Хятад, Пакистаны эрх баригчдад илгээсэн ч Пакистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Моид Юсуф оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Мөн Хятадын тал урьдчилан төлөвлөсөн хуваарьт ажлын улмаас оролцох боломжгүй гэж мэдэгдсэнийг Энэтхэгийн Засгийн газрын эх сурвалж уламжилсан байна. 


Холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, өмнө нь ийм хэлбэрийн хоёр уулзалт 2018 оны есдүгээр сард, 2019 оны 12 дугаар сард Иранд болж байсан бөгөөд Энэтхэгт болох гурав дахь уулзалтыг “COVID-19” цар тахлын улмаас эрт зохион байгуулах боломж бүрдээгүй байна. 

相关新闻