ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Дорноговьд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны захирал Стефани Бурри болон албаны төлөөлөгчид Дорноговь аймагт ажиллалаа.
Албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга О.Батжаргал хүлээн авч уулзан, орон нутгийн хөгжил дэвшил болон бусад асуудлаар мэдээлэл өгч харилцан ярилцсан байна.
Орон нутгаас аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” үйл ажиллагааны хөтөлбөрийг 2020-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эдийн засгийн тулгуур салбарыг уул уурхайн үйлдвэрлэл, дэд бүтэц барилгажилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр тодорхойлсон төдийгүй хүний хөгжлийг дээдэлж сайн засаглалыг бэхжүүлэхийн төлөө ажиллаж байгаа юм.
Талууд засаглалыг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг олон улсын байгууллага, гадаад улс орны дэмжлэгтэйгээр үр дүнтэй хэрэгжүүлж, нийгмийн оролцогч талуудтай түншлэлийн харилцаагаа хэрхэн бэхжүүлж ажиллах талаар санал солилцсон аж.
Дорноговь аймагт Азийн хөгжлийн банк, Нэгдсэн үндэстний байгууллага, Дэлхийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Швейцарын
хөгжлийн агентлаг, ЖАЙКА, “Дэлхийн зөн” олон улсын
байгууллага, “Энхтайвны корпус”, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагын
санхүүжилт, дэмжлэг, оролцоотойгоор хөрөнгө оруулалт, тусламжийн болон бусад
салбарын нийт 10 гаруй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна хэмээн албаныхан
онцоллоо.