Уурхайн ажилтнуудад сүрьеэ өвчин илрүүлэх үзлэгийг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монголын Сумын эмч, Мэргэжилтнүүдийн холбоо, Говь-Алтай аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргын баталсан гурвалсан гэрээний дагуу “Хан-Алтай” ХХК-ийн уурхайн ажилтнуудад сүрьеэ өвчин илрүүлэх үзлэгийг зохион байгууллаа.
Энэхүү үзлэгийг Глобал сангийн дэмжлэгтэйгээр давхардсан тоогоор уурхайн 460 гаруй ажилтныг хамрууллаа хэмээн ЭМГ-аас мэдээлэв. Харин үзлэгийг аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулжээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн газар, “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв хамтран тус уурхайн 199 ажилтныг коронавирусний халдварын эсрэг дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулсан байна. Мөн үеэр ажилтнуудад дархлаа сэргээх нэмэлт тунгийн талаар зөвлөмж мэдээлэл, яриа таниулга хийлээ.