С.Наранцацрал:Хөлд орж буй хүүхдийн гутлыг зөв сонгох нь чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ “Эрүүл ирээдүй”
хүүхдийн арьсан гутал үйлдвэрлэгч өрхийн эзэгтэй Зуунмод сумын Ланс 2-р багийн иргэн
С.Наранцацралтай ярилцлаа
-Хэзээнээс
гутлын үйлдвэрээ ажиллуулж эхэлсэн бэ?
-Би өмнө нь
Улаанбаатар хотод гутлын үйлдвэрт ажилладаг байсан. Тухайн үедээ гутал хийх
технологийг бүрэн эзэмшсэн гэж хэлж болно. Хувийн шалтгааны улмаас тус ажлаас
өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш гэртээ оёдол, эсгүүр, гутал хийх гэх
мэтийн олон зүйл туршиж хийж үзсэн. Ингээд 2013 оноос эхлэн гэрээр гутал
үйлдвэрлэж эхэлсэн. Олонд танигдаад ажил цэгцрээд ирэх үед бидний
үйлдвэрлэлээ эрхэлдэг гэр минь шатсан. Түүнээс хойш сэтгэлзүйгээрээ бид бие
биенээ дэмжиж дахин энэхүү бизнесээ эхлүүлсэн. 2017 оноос гутлаа хэсэг
хүмүүстэй хоршиж үйлдвэрлэж байгаад цаашид хамтарч үйл ажиллагаа явуулах
боломжгүй болсон. Үүнээс хойш гэр бүлээрээ гутлаа үйлдвэрлэж байна.
-Хэд хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан бэ?
-Бид гутлаа 5 хүртэлх насны хүүхдүүдэд зориулан хийдэг. Чийг татахгүй, хөлд эвтэйхэн, давхар болон дан ултай, улирлын шинж чанартайгаар доторлогоог хийж өгдөг. Хөлд орж буй хүүхдийн гутлыг зөв сонгох нь чухал. Буруу гутал өмсүүлснээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учраас бид технологийг маш нарийвчлан судалж, гутлаа урладаг. Энэхүү гутал нь дөнгөж хөлд орж буй хүүхдэд маш тохиромжтой хийцтэй гэдгээрээ онцлог.
-Ихэвчлэн ямар материалаар хийдэг вэ? Түүхий
эдээ хаанаас худалдан авдаг вэ?
-Гутлын гадар хэсгийг үхрийн арьсаар хийдэг бөгөөд өнгө будганд оруулж чимэглэдэг. Дотор хэсэгт хиймэл үсэн болон нэхийг хэрэглэгчдийн хүсэлтээр оёж өгдөг. Нарантуул захад түүхий эд худалдан авдаг байнгын харилцагчтай.
-Үйлдвэрлэсэн гутлаа хэрэглэгчдийн гарт хэрхэн хүргэж
байна вэ?
-Байнгын
үйлчлүүлэгчид байдаг. Анх бид Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймаг, Эрдэнэт хот,
Улаанбаатар хотод хүргэлтээр нийлүүлдэг байсан. Энэ жилээс менежментээ
сайжруулж 21 аймгийн томоохон компани руу зараа тогтвортой өгдөг болсон.
Ингэснээр бид Монгол улсынхаа 14 аймаг, 15 сумын жижиглэн худалдаа эрхлэгч нарт
бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн.
-Сарын дунджаар хэчнээн бараа бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг вэ? Үнийн хувьд хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ?
-Одоогийн
байдлаар сардаа 360-370 гутал үйлдвэрлэдэг. Сардаа үйлдвэрлэдэг гутлаас
захиалга нь давж орж ирдэг. Үнийн хувьд материал орцоос шалтгаалан өөр өөр
үнэтэй байна. Хиймэл үсэн дотортой бол 45000-75000 төгрөг байдаг. Харин нэхий
дотортой гутал чанар, үнийн дүнгээс хамааран өөр байдаг.
-Хэдэн ажилтантай вэ?
-Гэр бүлийн хүрээний нийт 6 ажилтантайгаар 5 ханатай гэрт үйлдвэрлэлээ явуулж байна. Дамжлага бүр дээр нэг нэг хүн ажилладаг. Цаашид төв рүүгээ үйлдвэрээ нүүлгэх, орчин нөхцөлөө сайжруулах, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, хэд хэдэн ажлын байр бий болгох зорилготой байна.