Баян сумынхан өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90 хувьтай хангажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв/МОНЦАМЭ/ Цаг үеийн нөхцөл байдлын талаар Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнээс тодрууллаа.
-Өвөлжилтийн бэлтгэл ажил Баян
сумын хувьд хэдэн хувьтай хангагдаж байна вэ?
-Энэ жил Баян сумын нутаг дэвсгэрт 159,7 мянган толгой мал өвөлжинө.
Малчдын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 хувьтай хангагдаад байна. Сумын аюулгүйн
нөөцөд 35 тн өвс нөөцөлсөн. Мөн сумын иргэд хадлан, гар тэжээлээ өөрсдөө
хадаж байгаа бөгөөд нэмэлтээр ойрын сумдаас өвс татан нөөцөлж байна. Энэ жил
Баян суманд зуншлага сайхан байсан хэдий ч өвсний ургалт өмнөх жилүүдээс бага
гарсан. Иймд гадны сум, орон нутгаас отрын нүүдэлчдийг хүлээж авахгүй байхаар
төлөвлөж байна. Сумаас гарч оторлох малчид үндсэндээ байхгүй, бүгд сумандаа
өвөлжих төлөвлөгөөтэй байгаа. Мөн сумын хэмжээнд “Нэг төрийн албан хаагч-Нэг
шуудай тэжээл” гэсэн уриа дэвшүүлэн ажиллаж нөөц санг бүрдүүлж байна. Төв суурингийн
өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай хангагдсан.
-Цар тахлын нөхцөл байдлын
талаар?
-"Ковид-19" цар тахлын нөхцөл байдал амаргүй байна. Шат шатны эрүүл мэндийн
байгууллагын нөөцөөс хамааран халдварын тархалт их үед жирэмсэн эх болон
архаг хууч өвчтэй хүмүүсийг аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай шилжүүлж байна. Одоогоор
суманд 10 ор дэлгэсэн бөгөөд хүнд өвчтнийг эмнэлэгтээ эмчилж байна. Хөнгөн
хэлбэрийн өвчтнүүдийг гэрээр эмчилж байгаа. Баян сумын хэмжээнд 327 тохиолдол
бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 8, гэрээр
эмчлүүлж буй 15 иргэн байна.
-Урианы жилийн хүрээнд хийж
хэрэгжүүлж буй ажлууд хэдэн хувьтай байна вэ?
-Аймгийн хэмжээнд 2021 оныг Хүний хөгжил эрүүл мэндийг дэмжих урианы жил
болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд 70 орчим
хувьтай явж байна.
Нэн тэргүүнд нийгмийн салбарын байгууллагуудын шаардлагатай тоног төхөөрөмж
бусад зүйлүүдийг шинэчлэх ажлыг зохион байгуулсан. Мөн иргэд рүү чиглэсэн
ажлуудыг цахим болон зайн хэлбэрээр зохион байгуулж байна. Тодруулбал, Сумын
эрүүл мэндийн төвд зориулалтын тоноглосон автомашин, зүрхний аппарат, настай
хүмүүсийг суулгах зориулалтын тэргэнцэр, зориулалтын бие засах газар, эхо
бичлэгийн аппарат зэргийг шийдлээ. Мөн сумын хэмжээнд цаг үеийн нөхцөл
байдалтай уялдуулан ажиллаж байна. Дэлбээ цэцэрлэгийн халаалтын асуудлыг бүрэн
шийдвэрлэж, гадна талын орчныг засаж сайжрууллаа. Дотуур байрны тохижилтын ажил
буюу иж бүрэн гал тогооны стандарт өрөөг бий болгох гэх мэт ажлуудыг хийж
байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалт Баян суманд байхгүй байгаа.
Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дэлбээ цэцэрлэгийн өргөтгөл, гүний худаг,
сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худаг засварлах,
гэрэлтүүлэг, сумын үерийн далан, гүйлтийн зам зэрэг ажлуудыг хийж 70 гаруй
хувьтай ажил үргэлжилж байна.