АСЕМ-ын дээд түвшний уулзалтад 34 орны төрийн тэргүүн оролцохоо нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-06 17:11:37

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбоотойгоор Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр мэдээлэл хийв. 

АСЕМ-ын дээд түвшний уулзалтад 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын төр засгийн удирдлагууд оролцохоор өнөөдрийн байдлаар нотолжээ. Ирж буй зочдоос 4-5 улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийх бөгөөд хоёр талын айлчлал 13-наас эхлэх юм байна. Тухайлбал АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Сингапур, Вьетнамын Ерөнхий сайд, Европын холбооны Ерөнхийлөгч Дональд Туск, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер, ЕХ-ны Гадаад хэрэг, аюулгүй байдлын еврокомиссар Федерика Могерини зэрэг өндөр дээд албан тушаалтнууд ирэх аж. Вьетнамын ерөнхий сайд 13-нд, Сингапурын Ерөнхий сайд 14-нд айлчлалаа эхлүүлэх юм байна. 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн "Монгол Улсын хувьд өмнө нь олон улсын төрийн тэргүүнүүдийг нэг дор хүлээж авч байгаагүй гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой. АСЕМ байгуулагдаад 20 жил болж байна. Түүхэн ойтой давхцаж буй энэ удаагийн дээд хэжээний уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” гэсэн сэдвээр зохиож байна" гэв.

АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө есөн дагалдах хурал болно. Одоогоор дөрвөн арга хэмжээг зохиож дууссан бөгөөд тав дахь нь болох “Ази-Европын түмний чуулган” буюу төрийн бус байгууллагуудын чуулган үргэлжилж байна. “Ази-Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлоон эрх тэгш шударга хүртээмжтэй хөгжлийн арга замыг илэрхийлэх хөгжихгүй” гэсэн сэдэвтэй уг чуулганд 500 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Монгол Улсаас Улаанбаатар хотын төлөөлөл 114 хүн, орон нутгийн 184 хүн, гадны 50 гаруй улсын 214 хүн оролцож байна.

АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалт өнөөдөр эхэлж, Монголын талаас шилдэг 50 залуу, гаднаас 51 орны шилдэг 100 залуу оролцож байна.

Мэдээллийн дараа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулав.

-АСЕМ-д оролцох төрийн тэргүүдийн тоо цаашид нэмэгдэх үү? Урьдчилсан байдлаар хэчнээн жуулчин ирэх тооцоо гарсан бэ?

-Зарим улсад сонгууль болсон, нөгөө хэсэгт болох гэж байна. Иймэрхүү нөхцөл байдлаас үүдээд ирэх хүмүүсийн нэр өөрчлөгдөх зэрэг асуудал байна. Энэ тоо цаашид өсөх эсэхийг мэдэхгүй байна. Ямартай ч 51 орон, хоёр олон улсын байгууллага бүрэн төлөөлөлтэй ирнэ. Европын холбооноос л гэхэд Ерөнхийлөгч, Зөвлөлийн ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч бөгөөд Гадаад харилцаа хариуцсан тусгай төлөөлөгч гээд 3 дарга ирнэ. Одоогоор 500 гаруй гадны сэтгүүлч бүртгүүлсэн. Энэ тоо ойрын үед нэмэгдэнэ. Тэдэнд Монголыг зөв талаас нь таниулах, монгол ахуй, наадам, соёл, орчин үе, улс төр, эдийн засгийн байдлаа зөв ойлгуулах нь нэн чухал. Тиймээс энэ тал дээр Гадаад хэргийн яам сүүлийн жилүүдэд идэвхтэй ажилласан.

-Олон орны төрийн тэргүүнүүд анх удаа Монгол Улсад айлчилж байна. Ялангуяа анх удаа ирж байгаа Сингапур, Вьетнамын төрийн тэргүүн ямар яриа хэлэлцээр хийх вэ. Хоёрдугаарт, Засгийн газар солигдож байна. Тэгэхээр АСЕМ-ыг зохион байгуулах ажил дараагийн Засгийн газарт шилжинэ гэсэн үг үү?

-Төр залгамж чанараа хадгалж ажиллах ёстой. Бидний хувьд АСЕМ-ын ажлыг сүүлчийн мөч хүртэл хийнэ. АСЕМ-аас өмнө сайд нар солигдох эсэхийг МАН-ын хүмүүсээс асуусан дээр болов уу. Ямар ч байсан шинэ Ерөнхий сайдын нэр тодорч байх шиг байна. Тэгэхээр шинэ Ерөнхий сайд ойрын үе ажилдаа ороод удирдаад чиглүүлээд явна байх. Учир нь Ерөнхий сайдын ахалсан үндэсний хороо ажилладаг. Манай яаманд АСЕМ-ын бэлтгэл ажлын алба бий. Тиймээс бид энэ ажлыг цалгардуулахгүй АСЕМ-аа амжилттай зохион байгуулахад яамны зүгээс бүх хүчээ чиглүүлнэ. Мөн өнөөдөр Улаанбаатар хотын шинэ дарга томилогдож байна. Шинэ даргатайгаа хамтарч ажиллана. Ялангуяа Чингисийн хүрээнд болох Монгол наадам арга хэмжээг нийслэл хариуцаж байгаа. 2000 орчим хүний хүлээн авалт хийнэ. Тиймээс ажил цалгардуулахгүй явах байх гэж харж байна.

Хоёрдугаарт, Вьетнам улс бол Азийн шинэ баруудын нэг шүү дээ. Манай уламжлалт түнш орон. Сүүлийн үед харилцаа өргөжиж байгаа. Айлчлалын үеэр олон чухал асуудал яригдана. Жишээ нь манай соёлын өвтэй холбоотой, сэргээн засварлах, эдийн засгийн харилцаа, мах гаргахаас эхлээд олон асуудал ярина.

Сингапур Улсын хувьд АСЕМ-ын гол орны нэг. Энэ утгаараа бид Сингапуртай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх талаар ярьж байгаа. Визний хувьд харилцан адил байхаар тохирсон шинэ тохиролцоонд гарын үсэг зурна. Мөн Монгол Улсад 140 гаруй төрийн өмчийн компаниуд хувьчлагдаагүй байна. Бид чөлөөт зах зээл рүү орлоо гэсэн. Гэтэл үндсэндээ дутуу хийсэн зүйл байна. Энэ нь эргээд Засгийн газар солигдохоор хамаатан саднуудаа томилдог, хүмүүсийг солих гэх мэтээр улсын мөнгийг үрэн таран хийдэг болчихоод байгаа. Энийг өөрчлөн шинэчилье, улс төрөөс хараат бус, цэвэр зах зээлийн зарчмаар явуулдаг тогтолцоог Сингапур улс амжилттай хийсэн байдаг. Үүнийг оруулж ирэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч гурван жилийн өмнө Сингапурт айлчилж тодорхой ажил хийсэн. Хуулийн төсөл бэлэн болсон. Үүнийг шинэ Засгийн газар дэмжиж, ажил хэрэг болгоно гэж харж байна. Мөн орон сууцны хөтөлбөрийн чиглэлээр хамтарч ажиллах, гарын үсэг зурах асуудал бий.

Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ АСЕМ-д оролцоод, төгсгөлд нь Монголд албан ёсны айлчлал хийнэ. Энэ үеэр БНСУ-тай олон баримт бичигт гарын үсэг зурахаар бэлтгэж байна.

-БНСУ-ын айлчлалын үеэр манай талаас хамтарч ажиллах тал дээр ямар санал боловсруулсан бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч тавдугаар сарын сүүлчээр БНСУ-д албан ёсны айлчлал хийсэн. Эргээд ойрын хугацаанд БНСУ-ын талаас албан ёсны айлчлал хийх гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийсэн яриа хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Мөн БНСУ-ын зүгээс амласан 300 сая ам.долларын тусламж бий. Үүнд нэлээн олон төслийн хэлэлцээр явагдана. АСЕМ-д зориулаад орчин үеийн автобусыг зээлээр олгож байгаа. Автобусыг түрүүлж аваад заримыг нь хэрэглэж байна.

Мөн 10 аймагт дулааны цахилгаан станц барья гэсэн хүсэлтийг Монголын талаас тавьж, зээл авахаар тогтсон. Зээлийн хэлэлцээрийг энэ үеэр хийнэ. Мөн ухаалаг боловсрол төслийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад IT-ийн систем, мэдээллийн технологи ашигласан сургалтын орчин үеийн тоног төхөөрөмж, заах аргазүй нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ үеэр ирээдүйн аж үйлдвэрийн салбарт хэрэгтэй инженерүүдийг бэлтгэх коллеж байгуулах асуудлаар хэлэлцээр хийнэ. 

Н.Гантуяа

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻