Нүүрсний үнийг өмнөх оныхоос нэмэхгүй олгох боломжтой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Хүйтний улирал ирж байгаа энэ цаг үед Дорноговь аймагт нэг тонн нүүрсний үнэ өссөн талаар хэрэглэгчид өгүүлж буй.
Үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Засаг даргын
орлогч Г.Март, аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга А.Амгаланзаяа нар Даланжаргалан
сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй нүүрсний уурхайн захирал, холбогдох төлөөлөлтэй
уулзжээ.
Албаныхан “Ковид-19” цар
тахлын хүнд үед аймгийн 14 сумын хэрэгцээнд болон нүүрс жижиглэнгээр зардаг
иргэдэд нүүрсний үнийг өмнөх оны үнээс нэмэхгүй олгох, чанартай нүүрсээр хангах
үүрэг өгсөн байна.
Мөн нүүрсний уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд нүүрсний үнийг өмнөх оны үнээс нэмэхгүй олгох боломжтой гэдгийг илэрхийлжээ. Хэрэглэгчдийн хэлж буйгаар Даланжаргалан сужмын иргэдэд нэг тонн нүүрсийг 50-60 мянган төгрөгөөр худалдаалдаг байсан бол энэ жил нэг тонн нүүрс 80 мянган төгрөг болж нэмэгджээ. Мөн сумдад нэг тонн нүүрсний үнэ 100.000-175000 орчим байгаа аж.
Тус аймгийн нүүрсний ихэнх хувийг Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүрдүүлдэг. Нүүрсний үнийн асуудлаар тохиролцсоноор 14 суманд хэрэглэх нүүрсний хэрэгцээг судалж, нүүрс жижиглэнгээр худалдан борлуулдаг иргэдийн судалгаа, жагсаалтыг гаргаж Даланжаргалан сумын Засаг даргад хүргүүлэн, уурхай бүрт хуваарилахаар шийдвэрлэсэн байна.