Монгол Улсын иргэдийн 400 гаруй тээврийн хэрэгсэл Казахстанд гацжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-11 10:55:50

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахал дэгдэхээс өмнө хувийн ажлаар Казахстан Улсад очсон Монгол Улсын иргэдийн 420 орчим тээврийн хэрэгсэл хөл хорио тогтоож хил хаагдсаны улмаас буцаж ирж чадахгүй байна.

Холбогдох хуулийн дагуу Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд 6 сарын дотор буцаж орж ирэх ёстой бөгөөд дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хамгийн багадаа 400 мянган төгрөгөөр торгох аж.

Түүнээс гадна Евразийн эдийн засгийн холбооны улсууд нутаг дэвсгэртээ байгаа гадаадын тээврийн хэрэгслүүдийг гарахыг шаардаж байгаа гэнэ.

Тийм учраас Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газраас тухайн асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудад уламжилсан байна. Мөн ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Ташанта боомтын удирдлагатай санал солилцжээ. Боомтын удирдлага тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх асуудлыг дэмжихээ илэрхийлсэн аж.

Иймд машинаа авч ирсэн иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулах асуудлыг аймгийн Онцгой комисс шийдсэн тохиолдолд бид Цагааннуур боомтоор нэвтрүүлэн хүлээж авахад бэлэн хэмээн Гаалийн газрын дарга С.Хавал хэлэв.

Харин Цагааннуур боомтоор бусад зорчигчдыг нэвтрүүлэх одоогоор боломжгүй гэдгийг тэрээр онцоллоо.

相关新闻