3402 иргэн ажилд орох хүсэлт гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Иргэдээс төрийн
байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг
байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг 1995 онд баталсан
"Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг
шийдвэрлэх тухай" тухай хуулиар зохицуулдаг.
Баян-Өлгий аймгийн ард иргэд дээрх хуульд
заасан эрхийнхээ хүрээнд 3 дугаар улирлын байдлаар төрийн байгууллага, албан
тушаалтнуудад нийтдээ 8332 өргөдөл, гомдол гаргажээ.
Үүний давхардсан тоогоор 3402 нь буюу 40,8 хувь нь ажил хүссэн,
1889 нь /22,7 хувь/ газартай холбоотой, 557 нь /6,6 хувь/ тусламж хүссэн, 521
нь /6,3 хувь/ төрийн үйлчилгээтэй гомдол, 393 нь /4,7 хувь/ нийгмийн
хамгааллын асуудалтай холбоотой байжээ.
Түүнчлэн аймгийн ЗДТГ 2036, бусад
төрийн байгууллагууд 1562, сумдад 4734 өргөдөл, гомдол хүлээн авсан аж.
Иргэдээс хүлээн авсан нийт гомдлын 8095 буюу
97,2 хувийг нь хуулийн хүрээнд шийдвэрлэж хариу өгсөн гэдгийг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.