Гал унтраах тусгай зориулалтын автомашинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. “Онцгой байдлын байгууллагад гал унтраах тусгай
зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийн хүрээнд Дундговь аймгийн Онцгой
байдлын газар “RENO” гал унтраах тусгай зориулалтын автомашиныг хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын
Засгийн газар хооронд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Санхүүгийн
хэлэлцээрийн хүрээнд тус төслийг хэрэгжүүлж байгаа ба үүний хүрээнд ОБЕГ,
БНФУ-ын “Десотел” компанитай 2020 оны 01 дүгээр сарын 30-нд байгуулсан “Гал
түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх” гэрээний
дагуу 14.9 сая еврогийн өртөг бүхий 4 төрлийн 42 автомашиныг манай улсад энэ
онд нийлүүлэхээр болсон аж.
Гал унтраах тусгай зориулалтын энэхүү автомашиныг манай орны цаг агаарын
нөхцөлд тохируулан үйлдвэрлэсэн тусгай
тоноглол бүхий машин гэдгээрээ онцлог.
Тухайлбал, замын нөхцөлд тохирсон Michelin брэндийн
дугуйгаар тоноглогдсон бөгөөд туулах чадвар сайтай, хүйтний нөхцөлд
тохируулан хөөрөг, бүхээг, тасалгаа бүрт нэмэлт “Webasto” загварын халаагуур
суурилуулсан, “мatisec” загварын иж бүрэн амьсгалын бие даасан төхөөрөмж, нөөц
агаар хадгалах саваар тоноглогдсон.
Мөн гал унтраах бодисын сав нь зэвэрдэггүй хүчитгэсэн
полистер материалаар хийсэн, шуурхай ажиллах боломжтой 80 м урт дамартай
хоолой бүхий өндөр даралтын хошуу, “Holmatro” загварын олон үйлдэлт аврах
ажиллагааны багаж, WARM загварын татагч төхөөрөмжтэй аж.
Дундговь аймагт хуваарилсан энэхүү машиныг УИХ-ын
гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын дарга
С.Од-Эрдэнэ нар Онцгой байдлын газарт хүлээлгэн өгсөн байна.