Цэвэрлэх байгууламжийн ус зөвшөөрөгдсөн хэмжээнээс 1,4-1,6 дахин их бохирдолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-07 13:13:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори өнгөрсөн сард Өлгий хотын цэвэрлэх байгууламжийн орох, гарах цэгээс бохир усны дээж авч шинжилгээ хийжээ.

Уг цэвэрлэх байгууламж нь нийтийн аж ахуйн үйлчилгээний "Суат" компанид харьяалагддаг. Шинжилгээний дүнгээр цэвэрлэх байгууламжийн бохир ус нь "Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS4943:2015" стандарт дахь зөвшөөрөгдөх дээд агууламжтай харьцуулахад жинлэгдэх  бодис 1.4 дахин,  перманганатын исэлдэх чанар 1.6 дахин давсан үзүүлэлттэй гарчээ. Харин цэвэршүүлэлт 13.33 хувьтай байсан аж.   

Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар бохирдлын хэмжээ өндөр гарч байгаа нь цэвэрлэх байгууламжийн хүчин чадал, технологи, шугамын насжилт болон ахуйн бохирдлын хэмжээ жил бүр нэмэгдэж байгаатай холбоотой гэнэ.

Учир нь Өлгий хотод сүүлийн жилүүдэд үйлдвэр, үйлчилгээ, машин угаах газрууд маш их хэмжээний химийн найрлага бүхий ариутгалын бодисууд ашигладаг болсон байна. Түүнээс гадна тус аймгийн цэвэрлэх байгууламжид механик биологийн цэвэрлэгээ хийх боломжгүй, зөвхөн байгалийн цэвэрлэгээ хийдэг аж.

1986 онд барьсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил олон жил яригдаж байгаа. Монгол, Польшийн Засгийн газар хооронд 2017 онд байгуулсан Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Завхан, Увс аймагт цэвэрлэх байгууламж барихаар тохирч, 2021 онд тендер нь зарлагдсан ч хараахан үр дүн гараагүй байгаа ажээ.

相关新闻