Орон тооны бус салбар зөвлөл хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-10-07 12:15:27

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаар ахлуулсан төр болон ТББ-ын талуудыг оролцуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хуралдав.

Хурлаар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордны үйл ажиллагааг жигдрүүлэх, тухайн иргэдэд тэгш хөгжих, хөдөлмөрлөх боломж олгох, тэдэнд мэдлэг, мэдрэмж сэтгэлээ зориулах чадварлаг зохион байгуулагчийг яаралтай сонгон шалгаруулах асуудлыг эхэлж хэлэлцжээ.

Сонгон шалгаруулалтад хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох бөгөөд өөрийн хүсэл, төлөвлөгөө, зорилт, менежментээ зөвлөлд танилцуулах юм. Улмаар  зөвлөлийн гишүүд санал хураан, шийдвэр гарган ХБИ-ийн  ордны менежерийг сонгон шалгаруулахаар тогтов.

Мөн үеэр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст орох хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг сонгохоор нэр бүхий хүмүүсийг нэр дэвшүүлэв. Нэр дэвшигчдээс олонхын саналаар Баянхонгор аймгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөлд Ц.Ганбаатарыг оруулахаар сонголоо.

Баянхонгор аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөл хууль болоод эрх үүргийн хүрээнд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст оруулахаар санал хурааж, сонгосон  хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийн нэрийг холбогдох газарт удахгүй мэдүүлэх аж.

Зөвлөлийн гишүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ордны менежер буюу зохион байгуулагчийг сонгон шалгаруулж томилгоожуулахаар энэ сарын 20-нд дахин хуралдах юм байна.

相关新闻