Сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-06 15:18:02

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. БШУ-ны сайдын 2020 оны 200 тоот тушаалаар аймгуудад ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Насан туршийн боловсролын төвийн "Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим"-ыг Өлгий сумын лаборатори 2 дугаар сургуулийг түшиглэн байгуулж, өнөөдөр нээлтийг нь хийлээ. 

Салбарын яамны Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх" төслөөс танхимыг 20 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд хогшлоор хангажээ. 

Харин орон байрны засвар, тохижилтын ажлыг аймгийн Насан туршийн боловсролын төвийн багш нар өөрсдийн мөнгөөр хийсэн байна.

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээллийн танхим нь цаашид аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдад ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, суралцах чиглэлээ тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж, хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч, багш нарт мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллах ажээ.  

相关新闻