Ардын уран зохиолч Б.Баастын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-10-05 12:33:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бөхийн Баастын мэндэлсний 100 жилийн ой энэ жил тохиож байна.

Тэрээр 1921 онд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутагт төрсөн. Алтайхан хошууны бага сургууль, Ховд аймгийн яамны дэргэдэх дунд сургууль, МУИС-ийн мал эмнэлгийн анги, Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн 2 жилийн дамжааг тус тус төгсжээ.

1936 оноос уран бүтээлээ туурвиж, "Чамайг үдье", "Хургачин", "Миний эх орны өглөө" зэрэг нийтэд түгсэн дууны шүлэг, "Ийм нэгэн хаан байжээ", "Мандухай цэцэн хатан", "Цогийн идэр нас" зэрэг жүжиг бичсэн юм. Гол төлөв богино хэмжээний өгүүллэг, туужийн 50 гаруй ном хэвлүүлсний дотор байгаль орчныг хамгаалах сэдвээр "Дөрвөн туужийн бор", "Хадхүүгийн өдрийн тэмдэглэл", "Гэрийн, хээрийн хоёр харамч", "Алтан дөлтэй цэцэг", "Ганц хонгор азарга" нэртэй цуврал 5 боть зохиолоо гаргасан байна.

Түүнчлэн Монгол Улсын казах зохиолчдын олон бүтээлийг монгол хэлнээ орчуулах ажилд нөр их хувь нэмрээ оруулжээ. Тухайлбал, Б.Ахтан, М.Хурманхан нарын зохиолыг орчуулж эмхэтгэлийг гаргасан аж.

Б.Баастын утга зохиолын салбарт зориулсан хүч хөдөлмөрийг нь төр засгаас үнэлж 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2008 онд Ардын уран зохиолч, 2018 онд Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

Монголын шинэ үеийн уран зохиолын "Амьд архив" хэмээгдсэн зохиолч маань 2019 онд 97 насандаа таалал төгссөн юм. Харин энэ жил түүний мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.

Ойн баярыг угтан өөрийнх нь нэрэмжит Өлгий сумын ерөнхий боловсролын лаборатори 2 дугаар сургуулийн хамт олон түүний уран бүтээлүүдийг сурталчлан таниулах үйл ажиллагаануудыг шат дараатай зохион байгуулж байгаа ажээ.

相关新闻