45 өрхөд дулаалгын багц олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-10-04 17:17:24

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Монгол гэр дулаалгын халаалт агаар сэлгэлтийн багц” -д хамрагдсан 45 өрхөд дулаалгын багц олгожээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн “Агаарын бохирдлыг бууруулах” хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа эрчим хүчний хэмнэлттэй “Монгол гэр дулаалгын халаалт агаар сэлгэлтийн багц”-д хамрагдсан Есөнбулаг сумын 45 өрхтэй гэрээ байгуулжээ. Үүний үндсэн дээр дулаалгын багцыг НҮБ-ын Говь-Алтай аймаг дахь төлөөлөгч М.Эрдэнэбилэг, Есөнбулаг сумын Засаг даргын орлогч Ш.Насан нар хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл нь Говь-Алтай аймагт 2020 оны наймдугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар Удирдлагын баг, Хэрэгжүүлэгч баг, Чанарын хяналтын баг байгуулан, Удирдлагын баг нь төслийн менежментийг, Хэрэгжүүлэгч баг нь хэрэгжилтийг, Чанарын хяналтын баг нь бүтээгдэхүүний чанар, стандартад хяналт тавин ажиллаж байгаа аж. 

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн Ногоон хөгжлийн бодлогод Орчны бохирдлыг бууруулах зорилгоор байгальд ээлтэй хэмнэлттэй, дэвшилтэт технологи буюу төв суурин газрын гэр хорооллын айл өрхүүдэд “Эрчим хүчний хэмнэлттэй Монгол гэрийн дулаалга” шийдлийг нэвтрүүлэхээр тусгаж жилд 100 өрхийг хамруулахаар төлөвлөсөн. Үүний хүрээнд одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн 85 өрх буюу Есөнбулаг сумын 58 өрх, Цогт сумын 10 өрх, Халиун сумын 10 өрх, Цээл сумын 7 өрх тус тус хамрагдаад байна. Цаашид дахин 64 өрх буюу Есөнбулаг суманд 45 өрх, Цогт суманд 7 өрх, Халиун суманд 7 өрх, Цээл сумд 5 өрхийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөсөн байна. 

Есөнбулаг сумын төсөлд хамрагдсан иргэдийн сайн туршлага дээр үндэслэн хөдөөгийн сумдын иргэд ч мөн монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцад хамрагдахаар хүсэлтээ илгээжээ.

Энэ оны гуравдугаар сард Цогт, Цээл, Халиун сумын 27 өрхөд НҮБ-ын Хүүхдийн сангаас 70 хувийн дэмжлэгээр багцыг олгосон байна. Цаашид Цогт, Цээл, Халиун сум өөрийн орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн нийт 26.6 сая төгрөгийн санхүүжилтээр 19 өрхөд ЧИП багц авах 70 хувийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Есөнбулаг сум орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөгийн санхүүжилтээр 16 өрхөд, НҮБ-ын Хүүхдийн сангаас 38.4 сая төгрөгийн санхүүжилтээр 29 өрх буюу нийт 45 өрхөд багцын 60 хувийн дэмжлэг үзүүлэх тухай холбогдох албанаас мэдээлэв.


相关新闻