400 км-ийн зайн буухиа гүйлтийн тамирчид гараандаа гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-10-04 15:03:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас гараагаа эхэлсэн 400 км буухиа гүйлтийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү үйл ажиллагаа нь Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан болж буйгаараа онцлогтой. Буухиа гүйлт нь Шаамар-Алтанбулаг-Сүхбаатар-Улаанбаатар чиглэлд 400 км гүйх юм. Тус буухиа гүйлтийн нээлтэд Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол оролцож тамирчдадаа амжилт хүслээ.

Энэхүү буухиа гүйлт нь Ардын хувьсгалын өлгий нутаг болсон Шаамар сумаас албан ёсоор эхэлж буй нь учиртай. Тодруулбал хувьсгалын түүхэн ач холбогдол, үнэ цэнийг хойч үедээ ухааруулан ойлгуулахад. Мөн дэлхийн цомын аварга шалгаруулах гүйлтийн тэмцээнд орон нутгийн гүйгчдийг урамшуулан дэмжих, өргөнөөр оролцуулахад зорилгоо чиглүүлж байгаа юм.

Энэхүү гүйлтэд хэт холын зайн гүйлтийн олон улсын хэмжээний мастер, Ази тивийн ахмад мастеруудын гурван удаагийн аварга, Ази Номхон далайн орны анхдугаар наадмын гурван алтан медальт ахмад тамирчин Ш.Батсүх. Мөн АНУ-ын 6-10 өдрийн гүйлтэд Монголоо төлөөлөн оролцсон ахмад эрэгтэй тамирчин, энхтайвны галт бамбарт буухиа гүйлтээр олон улсаар 1400 км замын гүйлтэд эх орноо төлөөлж амжилттай оролцож байсан ахмад тамирчин Ж.Одгийв нар ахлан сумдын тамирчдын буухиа гүйлтэд оролцсон нь тамирчдад урам өглөө. Мөн гүйлтэд оролцож байгаа тамирчдыг Сүхбаатар, Алтанбулаг, Дулаанхан, Баянголын сумын Спорт цогцолборын хамт олон хүлээн авч спортын өндөр амжилт хүслээ. 

相关新闻