УИХ-ын дэд даргын үүргийг Ц.Нямдорж, Я.Санжмятав нар гүйцэтгэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-05 17:36:07

УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэв.

Шинэ парламент хоёр бүлэгтэй, бүлэг тус бүр дэд даргад нэг хүнийг дэвшүүлэх эрхтэй. Иймээс МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг, АН-аас УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг нэр дэвшүүлэв.

Хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 97,1 хувийн саналаар, УИХ-ын гишүүн Я.Санжмятав 95.8 хувийн санал авч, УИХ-ын дэд дарга болов. Ингээд УИХ-ын дарга М.Энхболд нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа дээрх албан тушаалд томилогдсон хүмүүст баяр хүргээд дараагийн хуралдаанд байнгын хорооны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдэв.

Ц.Нямдоржийн товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил:

1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал:

1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга

1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдvгээр орлогч

1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд

1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн

1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2000-2005 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга

2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль

2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Гадаад хэл:

орос

Я.Санжмятавын товч намтар:

1960 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. 1981 онд Дархан хотын политехникум, 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг мал зүйч мэргэжлээр, 1997 он Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг эдийн засагч мэргэжлээр  тус тус төгссөн.  

Тэрбээр 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт ажилчин, бригадын даргаас ажлын гараагаа эхэлж, 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч, 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хороонд нарийн бичгийн дарга, Интер-М нэгдлийн захирлаар тус тус ажиллаж байв.

Улмаар 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Залуу удирдагч” сангийн ерөнхийлөгч, 1997-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга болов. 1999 оноос МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, салбар байгууллагуудыг удирдах хэлтсийн дарга, 1999-2000 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газрын дарга, 2000-2007 онд Завхан аймгийн Ардчилсан намын дарга, 2003 оноос Алтан гадас ассоциацийн захирлын албыг хашиж байжээ.

2004 оны УИХ-ын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, 2007-2008 онд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан байна. Мөн тэрээр 2008-2012 онд Завхан аймгийн засаг даргаар ажиллаж байгаад 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр  сонгогдож, 2014 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдаар  томилогдон ажилласан.

АН-ын Гүйцэтгэх зөвлөл болон Үндэсний зөвлөлдөх Хорооны гишүүн Я.Санжмятав нь МХЗЭ-ийн Хөдөлмөрийн алдар алтан медаль, Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, АН-ын дээд шагнал-Чингисийн одонгоор тус тус  шагнуулсан. Англи,  орос хэлний мэдлэгтэй.

Б.Туул

相关新闻