ОУХМ Б.Хосхөлөг: Таеквондо бол хүндлэл
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/.
Залуучууд хөдөөнөөс хот руу “тэмүүлэх” болсон энэ үед таеквондогийн спортыг
Жаргалант сумандаа хөгжүүлж, сумынхаа хүүхдүүдийг спортод хайртай, хүндлэл,
хүнлэг зан чанарт сургаж яваа спортын мастер Б.Хосхөлөгтэй ярилцлаа. “Спортоор
амжилт үзүүлэхэд дан ганц шавийн хөдөлмөрөөс гадна багшийн зүтгэл, бие биенээ
ойлгож мэдрэх сэтгэлээс эхэлнэ” хэмээн ярьж буй тэрээр 4 жилийн хугацаанд арван
спортын мастерыг бэлтгэжээ.
- -Энэ цар тахлын үед спортын
сургалтууд хичээллэхгүй хэцүү байна уу? Сурагчдаа санаж байна уу?
- -Саналгүй яахав. Өмнөх шигээ бүх зүйл чөлөөтэй
байгаасай гэж хүсч байна.
- -Цар тахал тэвчээр “шалгаж” байна. Анх ямар зорилгоор энэ спортоор хичээллэж байв?
- -Би 1994 оноос энэ спортоор хичээллэж
байна. Таеквондогийн олон улсын хэмжээний мастер, хар бүстэй.
2001 оноос хойш дасгалжуулагч хийж байна. Одоо “Жаргалант” болон “Хэмнэл” таеквондо сургалтын төвийн багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ спортдоо маш дуртай. Ер нь таеквондогийн спорт дэлхийн 190 гаруй оронд өргөн дэлгэрсэн. 2000 оны Сиднейн олимпоос хойш олимпын спортын төрөлд албан ёсоор багтсан, “Хамгийн цэвэр шүүлттэй спорт” гэх тодотголтой.
Таеквондогоор хичээллэснээр хүүхэд бие
бялдрын өв тэгш хүмүүжилтэй, эрүүл чийрэг өсдөг. Үүнээс гадна өөрийн гэсэн
тодорхой зорилготой, ертөнцийг үзэх үзэл, хандлага нь өөрчлөгдөж зөв хүн болж
төлөвших суурь нь тавигддаг. Энэ спортын
үндсэн зарчим нь “Таеквондо бол хүндлэл” гэсэн байр сууринаас ханддаг. Таеквондо
бол хүндлэлийн спорт. Ямар нэгэн тэмцээн уралдааны үед тэмцэл, өрсөлдөөн
өрнөдөг ч хүндлэлээр эхлээд, хүндлэлээр дуусдаг. Энэ л намайг “татсан” байх аа.
- -Таеквондо
таньд өөр юу “заасан” бэ? Энэ спорттой холбоотой амьдралын
тань маш олон дурсамжийг бүтээсэн байх.
- -Таеквондогийн спортод баруунаараа бичдэг хүн баруун
хөлөө, зүүнээрээ бичдэг хүн зүүн хөлөө л түрүүлж ашигладаг. 2009 онд би баруун
хөлөө гэмтээгээд босож чадахгүй болтлоо гэмтэл авсан. Удалгүй явж чаддаг болоод
таеквондогоор дахин хичээллэмээр санагдаад нэг тэмцээнд орсон. Энэ үеэс эхлэн
би зүүн талаа ашигладаг болсон. Юу гэсэн үг вэ гэвэл сул талаа давуу тал
болгож ашиглахад суралцсан.
- -Таеквондогийн
спорт Эрдэнэтэд хөгжөөд 20 гаруй жилийн
хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд
маш олон тамирчныг бэлтгэн гаргасан байх. Тамирчид ямар түвшинд яваа шалгуур бол
мэдээж уралдаан тэмцээнд үзүүлж буй амжилт. Танай тамирчид өнгөрсөн хугацаанд
ямар амжилт үзүүлэв?
- -Манай тамирчид сүүлийн зургаа, долоон жил дотоодын улс,
бүсийн тэмцээнүүдэд тасралтгүй эхний гурван байрыг эзэлж байна. Олон улсын
тэмцээнд амжилттай оролцож байсан шавь нар их байгаа. Миний өөрийн шавь нараас
2017-2021 оны хооронд Орхон аймгийн Жаргалант сумаас Таеквондогийн спортын
мастер 10, Таеквондогийн спортын дэд мастераар есөн хүүхэд болзол хангаж цолоо
авсан байгаа.
- -Та
Эрдэнэтийн хүүхдүүд энэ спортоор улсдаа эхний гуравт багтдаг гэлээ. Энд
мэдээж ур чадвар нөлөөлж байгаа. Тамирчид амжилт үзүүлэхэд нөлөөлж буй өөр
онцлог, зан чанар байна уу?
- -Сүүлийн хоёр, гурван жилийн амжилтуудыг би бүгдийг нь
бичиж үзээд харахад таеквондог эхнээс нь зөвөөр ойлгуулах, багшийн зааж буй
арга барил, чадвараас хамаарч байна. Дээр нь тухайн хүүхдүүдийн сэтгэл зүй бас
нөлөөлж байна. Энэ хоёр тэнцвэржсэний үндсэн дээр цогц зүйл бий болж байгаа.
Мөн бид бүгдийг удирдаж, дэмжиж байгаа холбооны удирдлага болон аймгийн
удирлдагууд, таеквондогийн төлөө ажиллаж байгаа багш дасгалжуулагчдын сэтгэл,
таеквондог сурах гэж хичээж байгаа сурагчид гээд тал талын нөлөө их байгаа.
Багш шавь бие биенээ сайн мэдэрч байгаа нь гол зүйл.
- -Таеквондог
зөвөөр ойлгуулна гэж ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ? Хүчний спорт учраас арга
техникийг зөв, буруу ашиглах тал дээр ярьж байна уу? Эсвэл зан, ёс суртахууны
хувьд зөв, буруугийн тухай ойлголт байна
уу?
- -Шинээр элсэн орж ирж байгаа хүүхдүүдтэй ярихад ихэнх нь “Хүн зодож сурах юм сан” гэсэн бодолтой орж ирдэг. Тиймээс багш эхлээд тухайн хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгох хэрэгтэй. Яг ямар хүүхэд, ямар сэтгэлтэй байна гэдгийг нь харж үзээд тухайн хүүхдэд “Тэгвэл чи багшийнхаа зааж өгсөн зүйлийг сурчих юм бол хүсээд байгаа зүйлээ хийж чадна” гээд ойлгуулчихдаг. Тэгээд тухайн хүүхэд 3 сар болоод, бүсний шалгалт өгөөд эхлэхээр анхны бодол нь алга болж спортоо ойлгож эхэлдэг. Ингэж анх орж ирсэн зорилгыг нь мохоохгүйгээр энэ спорт ямар их хүч хөдөлмөр, хөлс урсгадаг вэ? гэдгийг нь өөрөөр нь ойлгуулдаг. Үндсэндээ бэлтгэл гэдэг зүйлийг л ойлгуулдаг.
Таеквондо нь Солонгосоос гаралтай спорт. Биендээ их бөхийдөг. Бүснийхээ эрэмбээр жагсаж зогсдог. Өөрөөр хэлбэл ур чадвараараа жагсаж байна гэсэн үг. Өндөр нам, нас хүйс үүнд хамаардаггүй. Хүүхдийг хүчирхийлэлгүйгээр, өөрөөр нь сургадаг учраас таеквондогоор хичээллэсэн хүүхэд хэзээ ч бусдыг дээрэлхсэн, “буруу” хүүхэд болж хүмүүждэггүй.
- -Таеквондогийн
зэрэг цолны эрэмбэ ямар дэс дараатай байдаг вэ? Мэдээж тодорхой шалгуур байдаг
байх...
- -Монгол Улсын спортын тухай хуульд цол зэрэг авах тухай журам гэж байдаг. Тэр журамд спортын мастер цолыг насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлж алтан медаль авсан байна гэх жишээний тус бүрийг журамдаа заасан байдаг. Цол, зэрэг авахад хүүхдийн их наадам, улсын болон олон улсын тэмцээн их нөлөөлдөг. Түүнээс биш дотоодын нээлттэй тэмцээн, цомын тэмцээнүүд зөвхөн ур чадвараа дээшлүүлэхэд л дэмжлэгтэй.
Хүүхдийн их наадам, Монголын бүх ард түмний
спартикиад, улсын аварга, Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнүүд цол зэрэгт
нөлөөтэй. Таеквондод зэрэг цолыг бүсний
өнгөөр илэрхийлдэг. Хамгийн том нь хар бүс. Гэхдээ нэгээс есийн
хоорондох үе шат буюу дангаар эрэмбэлэгддэг. Олон улсын хэмжээний мастер нь Монгол Улсын цолны хэмжээнд хамгийн том буюу гавьяатын доод талын цол. Олон
улсын хэмжээний мастер цол авсан хүн тодорхой хэмжээний хар бүстэй байх ёстой.
Манайд дотооддоо цагаан, шар, ногоон, цэнхэр, улаан гээд сурагчийн бүс байдаг.
Багш нар бол ихэнх нь хар бүстэй.
- -Үүслийг
нь яривал таеквондо тавь гаруй жилийн түүхтэй, хүн төрөлхтний түүхэнд тийм ч
эртний биш, шинээр гарч ирсэн спортын төрлийн нэг юм билээ. Манай улсад хэзээнээс
эхэлсэн бэ?
-Үндсэндээ
Монголд Таеквондогийн спорт 1991 оноос үүссэн. Тэр үед Б.Эрдэнэ, Б.Баттулга
гээд багш дасгалжуулагчид анхны “Тас” клубийг үүсгэн байгуулж Эрдэнэтийн хүүхэд,
залуучуудад таеквондо гэдэг зүйлийг таниулж байсан. Дараа нь таеквондогийн багш
дасгалжуулагч М.Мөнхжаргал гэдэг залуу 1995-2010 он хүртэл таеквондогийн үйл
ажиллагааг явуулж байсан. Түүнээс хойш 2014 онд албан ёсоор Орхон аймгийн “Эрдэнэт”
таеквондогийн холбоог байгуулан, Таеквондогийн олон улсын хэмжээний мастер,
багш дасгалжуулагч Б.Насанбаяр удирдан зохион байгуулж, Орхон аймгийн Эрдэнэт
Таеквондогийн Холбоо “Хурд клуб” гэдэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж
байна. Миний бие 2017 оноос эхлэн Жаргалант суманд салбар сургалтын төв
байгуулан ажиллаж байна.
- -Танай
сургалт зөвхөн хүүхэд залуучуудыг хамруулдаг уу? Насанд хүрэгчдэд зориулсан
сургалт байдаг уу?
- -Таеквондогийн манай улсад хөгжиж байгаа нас нь зургаагаас
дээш. Би одоо 39 настай мөртлөө Таеквондогийн улсын аварга шалгаруулах
тэмцээнд ордог. Энд насны хязгаар гэж байхгүй. Дараа жил 2022 онд Япон улсад болох
“Кансай” мастерууд дэлхийн аваргын тэмцээний 40-45 насны ангилалд орохоор
бэлтгэлээ хангаж байна. Таеквондо тухайн хүн хийж чадаж л байвал бүх насныханд
нээлттэй. Харин би 6-17 насны хүүхдүүдэд сургалт явуулж дагнан ажилладаг.
- -Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!