Галын түлээний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн төв Эрдэнэбулган сумын гэр хорооллын өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, галын түлээний модны нөөцийг бүрдүүлэхээр шийдвэр гаргагчид уулзалджээ. Аймаг сумын удирдлагууд, БОАЖГ, Экологийн цагдаагийн алба, Цэнхэр, Ихтамир сумын ойн ангийн дарга нарын бүрэлдэхүүнтэй хуралдсан энэхүү хурлаас дараах шийдвэрийг гаргажээ.
-Аймгийн төвийн галын түлээний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мод бэлтгэх эрхийн бичгийг шуурхай олгож, Эрдэнэбулган сум руу өдөр харгалзахгүй галын түлээний мод нийлүүлэх,
-Галын түлээний модыг жижиглэж, шуудайлан Улаанбаатар хот руу зөөвөрлөн борлуулахыг хориглох,
-БОАЖГ, Экологийн цагдаагийн алба, Ойн ангийн дарга, сумдын удирдлагууд ажлын уялдаагаа сайжруулах,
-Иргэдийг галын түлээний стандарт, мод бэлтгэхтэй холбоотой хууль эрх зүйн мэдээллээр хангах.
Галын түлээний модны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнэ бууруулах бодлогыг барьж байна.
Архангай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 24,2 хувийг ойн талбай эзэлдэг. Жилд дунджаар 100-110 мянган шоометр мод бэлтгэдгээс 90 орчим хувийг галын түлээнд үлдсэн хувийг хэрэглээний зориулалтаар бэлтгэдэг байна. Цаашдаа төвлөрсөн сум, суурингийн гэр хорооллын дулаан хангамжийн асуудлыг шийдвэрлэх арга замуудыг судлан нэвтрүүлэх санал хөндөгдөж байлаа.