Ахмад настнууд 2050 он гэхэд дэлхийн хүн амын 22 хувийг эзэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-10-01 13:20:32

НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Дэлхийн ахмад настай хүн амын тоо 2050 он гэхэд одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 1.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна гэж НҮБ-ын Хүн амын сан мэдээлжээ.


Одоогийн байдлаар 60 болон дээш насны хүмүүс дэлхийн нийт хүн амын 12.3 хувийг эзэлж байгаа бол 2050 он гэхэд ойролцоогоор 22 хувьд хүрч өсөх ажээ.


“Улс орноор авч үзвэл, 2050 он гэхэд дэлхийн ахмад настнуудын гуравны хоёр гаруй нь /1.1 тэрбум/ буурай хөгжилтэй орнуудад амьдарч байх төлөвтэй байна. Харин 65-аас дээш насны хүн амын хамгийн эрчимтэй өсөлт нэн буурай хөгжилтэй орнуудад ажиглагдаж, 2019 онд 37 сая байсан үзүүлэлт 2050 он гэхэд 120 саяд хүрэн 225 хувиар өсөх тооцоотой байна” гэж Хүн амын сангийн тайланд бичжээ.


Мөн 2019-2050 онд дэлхийн бүх бүс нутагт ахмад настнуудын тоо өснө. Түүнээс хамгийн өндөр өсөлт Зүүн, Зүүн-Өмнөд Азид бүртгэгдэж, 2019 оныхоос /261 сая/ 312 саяар нэмэгдэн 2050 онд 573 саяд хүрэх ажээ.


1990 онд НҮБ ахмад настнуудын эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.


Энэ онд НҮБ ахмад настнууд дижитал ертөнцөд хөл нийлүүлэн алхах хэрэгцээ шаардлагатай байгааг харгалзан ахмадын өдрийг “Бүх насныхны дижитал тэгш байдлыг хангах нь” уриан дор явуулж байна.


Мөн цар тахлын үеэр ахмад настнууд улам тусгаарлагдах болоод буйг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш цохон тэмдэглэжээ. Тэрбээр, “Ахмадууд цахим гэмт хэрэгт өртөх эрсдэл мөн нэмэгдэж байна. Иймд настай хүмүүсийг онилон гэмт хэрэг үйлддэг этгээдүүдэд хариуцлага тооцохын тулд боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийн сацуу ахмадуудын дижитал нийгэмд дасаж зохицож, хөл нийлүүлэх ур чадварыг сайжруулах хэрэгтэй байна” гэв.


"Бидний хамтын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулснаар зогсохгүй мэдлэг, туршлагын эх үүсвэр учир тэднийг зөвхөн эмзэг бүлэг гэж авч үзэх нь өрөөсгөл юм. Ахмадууд шинэ технологийг эзэмшин хэрэглэснээр ядуурлыг арилгах, эх дэлхийгээ хамгаалах, эрүүл энх, энх тайван, хөгжин цэцэглэсэн нийгмийг цоглоох тэргүүтэй Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд хувь нэмрээ оруулах бололцоо бүрдэнэ" гэж А.Гутерреш нэмж хэлжээ.


Тийнхүү НҮБ-ын тэргүүн “бүх насны хүмүүсийн дижитал тэгш байдлыг хангахад илүү хүртээмжтэй бодлого, стратеги, арга хэмжээ авахыг” уриалсан байна.  

相关新闻