Гишүүд Сонгуулийн үр дүнтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-05 12:48:08

УИХ-ын Анхдугаар чуулганд УИХ-ын 7 дахь удаагийн сонгуулийн дүн болон СЕХ-ны танилцуулгатай холбогдуулан шинэ гишүүд асуулт асуув. 

Гишүүдийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “АН-ын дарга З.Энхболд өчигдөр ноцтой мэдээлэл хийлээ. Санал өгсөн хүний тоо, саналын хуудас хоёр зөрсөн зэрэг зөрчил гарсан. Хэрвээ сонгуулийн будлиан луйвар хийсэн нь тодорхой болбол УИХ-ын гишүүний тангараг өргөсөн ч буцаан татаж болох уу" гэв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн үүнд "Өчигдрийн мэдээллийн дараа УБСГ-аас тодруулга мэдээлэл авсан. Ямар нэг зөрүү гараагүй байсан. УИХ-ын 54 дүгээр тойргийн 1 хэсэгт хоёр автомат машинаар санал авсан. Саналын хуудасны тоо нэгдүгээр машин 623, хоёрдугаар машин 720 байсныг хольж ойлгож өчигдөр ярьсан байсан. Бид шалгаж үзэхэд зөрүү гараагүй” гэж хариулав.

УИХ-ын гишүүн Л.Болд "МАН-ын сонгуулийн автоматжуулсан машиныг “Хар” гэж өнгөөр нь нэрлээд эсэргүүцээд, шатааж ч байсан. Өнөөдөр харин хүлээн зөвшөөрч байх шиг байна. Гэхдээ сонгуулийн санал авах машин баталгаатай ажиллаж байгаа юу" гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "2004 оноос хойш анх удаа тайван сонгууль боллоо. 2004, 2008, 2012 онд маргаантай байсан бол энэ удаад ард түмэн Хаан шийдвэрээ гаргалаа. Дээрээ ард түмэнтэй, дэргэдээ сөрөг хүчинтэй гэдгээ аль ч намынхан  мартах учиргүй. Нийт гишүүдэд хууль зөрчихгүй, балмад загнахгүй, алдаа гаргахгүй байхыг сануулж хэлмээр байна. Нэг зүйл асуухад 2016 оны сонгуулийн явцад Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага харагдав уу? Цаашид өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол СЕХ саналаа УИХ-д эрт оруулах шаардлагатай" гэв. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн "Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай хэд хэдэн зүйл байсан. Ойлгомжгүй, хүндрэлтэй заалтууд байсан. Үүнээс харахад УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг тусад нь батлах шаардлагатай гэж үзэж байна. Энэ намар СЕХ-ноос үүнийг санаачилж өргөн барина" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хар машинд МАН-ын гишүүд итгэхгүй байсан гэж зарим хүн хэлж байна. МАН биш Монголын ард түмэн итгэдэггүй байсан юм. Энэ эргэлзээг тайллаа. Иргэдтэй уулзах бүрт хар машиныг шүүмжилдэг байсан. Тийм ч учраас техникийн тооллогыг заавал гараар тоолох заалтыг хуульд оруулсан. Техникийн тооллоготой холбоотой асуудал сая гарав уу? Цаашид ер нь хар машины техникийн тооллогыг хэрхэн явуулбал зөв зүйтэй вэ гэж СЕХ харж байна” гэхэд “Автоматжуулсан систем дээр СЕХ УИХ-аас баталсан хууль тогтоомжийг л хэрэгжүүлж байгаа. Нийт 1998 хэсгийн хорооны 840-д техникийн тооллого хийсэн. Зөрчил гараагүй. Гомдол нь сэтгүүлч, ажилчдыг санал авах байрнаас гаргахгүй байсантай холбоотой байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хар машиныг шатаасан хүн нь би байгаа юм. Ингэсний хүчинд хар машин шударга ажилалаа гэж бодож байна. Би хэсгийн хороодод 100 хувь гар тооллого хий гэж шаардсан. Гэхдээ энэ нь 50  хувь болж хуульд орсон. Үүний хүчинд сонгууль шударга боллоо гэж бодож байна” гэхэд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Техникийн тооллогыг ганц энэ жил хийгээгүй. 2012 онд хяналтын тооллого хийсэн. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар бүх хэсгийн хороонд хяналтын тооллого хийсэн. Нэг ч зөрүү гараагүй” гэж хариулав.

Асуулт асууж, санал хэлсэн гишүүдээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Монгол төрийн албан тушаалыг наймаалцаж, мөнгө олохгүй, төрийн албан хаагчдыг халж сэлгэхгүй байна гэж найдаж байна. Тангараг өргөсөн төрийн албан хаагчдаар битгий оролдоорой” гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хуулийн нарийн зохицуулалтыг цаашид анхаарах хэрэгтэй байна. Орон нутгийн сонгуулийг цаашид салгаж явуулмаар байна. Сонгогчид саналаа өгөхөд ихээхэн хүндрэл гарсан. Саналын хуудсаа хүчингүй болгож байсан. Үүнээс улбаалаад саналын хуудас дутсан. Мөн аймаг, нийслэлийн нийт ИТХ 7 дугаар сарын 19-нд хуралдаж шинэ Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгох ёстой. Энэ ажлыг цаг тухайд нь явуулахад анхаараарай” гэлээ. Мөн саналын хуудас дутсан, саналын хуудас канондсон, “царцаа”-ны нүүдлийг яагаад анхаараагүй зэрэг асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Энэ сонгуулийн үед 18000 гаруй сонгогч шилжсэн. Үүнтэй холбоотой саналын хуудас дутах зүйл гарсан. Гэхдээ нийслэлд дутаагүй. Орон нутгаас саналын хуудас дутаж магадгүй байна, чиглэл өгөөч гэж хүсэлт ирсэн. Хамгийн дээд тал нь 32 саналын хуудас дутсан байсан. Бид хэрэв дутвал хэвлэж тараах чиглэл өгсөн ч мэдээ авсны дараа тогтоолоо хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл канондсон саналын хуудсыг хүчингүйд тооцсон гэсэн үг. УБСГ-аас тодруулахад сонгогч шилжсэнд хуулийн зөрчил илрээгүй байсан” гэв.  Хуралдаан даргалж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гишүүдэд цаашдаа чуулганы танхимд хуулийн хэллэгээр ярьж, асуулт санал хэлэх ёстойг сануулж байлаа.

Н.Гантуяа

相关新闻