ХӨСҮТ-ийн багийнхан Говь-Алтай аймагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Халдвар өвчин судлалын үндэсний төвөөс "Ковид-19" цар тахлын үед аймгийн шуурхай удирдлагын тогтолцооны зураглал бий болгох" сэдэвт сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийн удирдах бүрэлдэхүүн, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд оролцож, мэдлэг мэдээллээ тэлсэн юм.
ХӨСҮТ-өөс томилогдсон тус багийнхан тус аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцооны багийнхан орон нутагт дэгдэж буй коронавирусний халдвартай хэрхэн тэмцэж байна вэ, тус багийн сул болон давуу тал, үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах тухай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Түүнчлэн ӨЭМТ-ийн баг хамт олонтой уулзаж коронавирусний халдварын батлагдсан тохиолдол, тэдгээрийн хавьтлуудын тандалт судалгааг хэрхэн зохион байгуулах талаар зөвлөмж өгсөн байна.
-“Говь-Алтай аймгийн хэмжээнд Монгол Улсын Шадар сайдын тушаалын дагуу Тохиолдлын удирдлагын багийн тогтолцоог хэдий бий болгон ажиллаж байгаа ч багийн бүтцийн хувьд төдийлөн сайн биш байна” хэмээн ХӨСҮТ-ийн багаас үнэлж дүгнэн цаашид хэрхэн сайжруулах талаар холбогдох мэдээлэл зөвлөмжийг өгчээ. Зөвлөмжийн дагуу Тохиолдлын удирдлагын багийн бүтцийг шинэчилж, салбар дундын хамтын оролцоог сайжруулах шаардлагатай байгаа нь хамгийн чухал байгааг зөвлөлөө.