МҮХАҮТ сургалт судалгааны чиглэлээр “Сити” их сургуультай хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ “Сити” их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж
бичигт МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, “Сити” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга
Д.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурав.
Уг
санамж бичгийн хүрээнд зах зээлийн болон эдийн засгийн судалгаа
явуулах, эдийн засаг, бизнесийн холбогдолтой хууль тогтоомж, бодлогын бичиг
баримтын төсөл боловсруулах чиглэлээр хамтран ажиллах юм.
Бизнесийн
орчны судалгааг мэргэжлийн байгууллагатай хамтарч хийх нь ач холбогдолтой
төдийгүй аль салбарт ямар чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх шаардлагатайг
тодорхойлж, боловсон хүчнийг бэлтгэхэд бизнесийн төлөөллийн байгууллага
боловсролын мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай гэдгийг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн тодотгоод
идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, нэр хүндтэй “Сити” их сургуультай хамтран
ажиллах болсондоо таатай байна гэв.
“Сити” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, “Их сургуулиас ажил олгогчдын хэрэгцээ, ажлын байранд тавих шаардлагыг хангасан хүний нөөцийг бэлтгэх нь чухал байдаг. Мөн эрдэм шинжилгээний судалгааны байгууллага болохын хувьд баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах нь судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлдэг сайн талтай. Өнөөдөр эгнээндээ 5000 гаруй бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийг нэгтгэсэн МҮХАҮТ-тай хамтран ажиллах боломж бүрдэж, хамтын ажиллагааны суурийг тавьж байна” гэв.