УИХ-ын сонгуулийн маргааныг 30 хоногийн дотор шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-04 18:29:31

7 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэдийг  шүүхэд хандах боломжийг өргөтгөжээ. Иргэд зөвхөн зөрчигдсөн эрхийн хүрээнд өөрт нь чиглэсэн захиргааны шийдвэртэй маргах эрхтэй байсан бол өөрт нь хандсан төлөвлөлт, хэм хэмжээний актаас гадна төрийн бус байгууллага “хүрээлэн байгаа орчин, хүүхдийн  эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч” зэрэг нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхийг нээжээ. Тус хуульд “зөрчигдөж болзошгүй эрх” гэсэн ойлголтыг оруулж, иргэдэд энэ талаар эрхээ хамгаалах боломжийг өргөтгөсөн байна.

Төрийн байгууллагаас тодорхой шийдвэр гаргаад иргэнийг хохироосон бол одоо үйлчилж байгаа хуулиар эхлээд захиргааны шүүхээр төрийн байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулаад, үүний дараа ердийн шүүхээр хохирлоо барагдуулдаг байсныг халж, захиргааны шүүхэд хандах, захиргааны шүүх хохирлын асуудлыг хамтатган шийдвэрлэх боломж бүрджээ. Ингэснээр хоёр шүүхээр дамжин явдаг байсан хүнд суртал багасах аж.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай журам нэвтрүүлж, маргааны онцлогт тохирсон хэрэг хянан шийдвэрлэдэг ажиллагаатай болов. Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргааны талаар заасан байна. Үүний дотор  УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн маргаан багтсан бөгөөд уг маргааныг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заажээ. Энэхүү хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болох гэнэ. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн маргаан, тендерийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заасан байна.

Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явуулах нөхцлийг бүрдүүлжээ. Одоо үйлчилж байгаа хуулиар хэргийг шийдвэрлэх явцад талуудаас гаргадаг хүсэлтийг шүүх “өрөөндөө” шийдвэрлэдэг байсныг халж, гагцхүү шүүх хурлын танхимд, талуудын оролцоотой гаргадаг байх зохицуулалт оруулсан байна. Мөн үндэслэлгүй хурлыг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байсан олон заалтыг хасч, иргэдийн нэхэмжлэлийг богино хугацаанд шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Түүнчлэн шинэ хуульд “цахим баримт” гэсэн нэр томъёог оруулж, цахим баримтыг шүүх цуглуулах, үнэлж болох талаар тусгасан.

Төрийн байгууллага, албан тушаалтан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байх тохиолдол гарч байгааг шинэ хуулиар таслан зогсоожээ. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд албадлагын арга хэмжээ хэрэглэх, сахилгын шийтгэл ногдуулах, хариуцлага хүлээлгэх зохицуулалтууд тусгасан аж. Нөгөө талаас шүүгч шийдвэр гаргаад орхих бус, гаргасан шийдвэр нь биелэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, биелэлтийг хангуулах арга хэмжээ авахаар заажээ. 

 

相关新闻